“Гэрэлт ирээдүй- Хүүхдийн бие хүний хөгжил төлөвшилд практик сэтгэл судлаачийн оролцоог нэмэгдүүлэх нь” Олон улсн хамтарсан төслийн нээлт өнөөдөр Отгонтэнгэр их сургуулийн хурлын танхимд боллоо.
Уг төслийг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн санаачлан өөрсдийн боломжид тулгуурлан ОХУ, АНУ, Австрали, БНХАУ, Монгол 5 улсын эрдэмтэн судлаачидтай хамтран 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүний хүрээнд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж олон хүнд хүртээмжтэй болгох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын Москва хотын Боловсролын их сургуулийн сэтгэл судлаач доктор И.А.Лопатина оролцсон бөгөөд тэрбээр манай улсад цөөн хоногийн хугацаатай ирээд байна. И.А.Лопатина монголд байх хугацаандаа залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан лекц, мэргэжлийн сэтгэл судлаачдад зориулсан 4 хоногийн сургалтыг монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ зохион байгуулж байгаа аж.
Энэ үеэр Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал Б.Золзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-
Сэтгэлзүйн тусламж үйлчилгээг хэрэглээ болгон хүртээмжтэй байлгах хэрэгтэй гэж дурдсан шүү дээ. Үүний тулд нэн тэргүүнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай вэ?
-
ОХУ-ын арга, аргазүйг монголдоо нутагшуулахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл оновчтой аргазүйд тулгуурлан хүүхдийн сэтгэлзүйн онцлогийг сайтар тодорхойлох . Ингэснээр эцэг эх болон багш нарт хэрэгтэй зөвлөгөөг өгч хэвшинэ. Тиймээс ЕБС-ийн багш нарын сэтгэлзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн хүүхдийн сэтгэл судлаачаар бэлтгэгдэж байгаа хүмүүс маш цөөн. Тэдгээр мэргэжилтнүүдийг чадавхжуулан, хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг оновчтой тодорхойлж чаддаг, өөрийн гэсэн аргазүйтэй сэтгэл судлаачдийг бэлтгэх нь чухал болоод байна. Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн зүгээс шаардлагатай ажлуудыг хийж, хэрэглээний сэтгэл судлалыг хөгжүүлэхийн тулд дан ганц нийслэл гэлтгүй 21 аймагт ч зорьж ажиллах боломжтой сэтгэл судлаачдыг бэлтгэхийн тулд мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
-
ОХУ, Австрали зэрэг улс орнуудын аргазүйг монгол хөрсөнд нутагшуулахын тулд бид улс боловсролын тогтолцоондоо зарим нэг өөрчлөлтийг хийх шаардлага бий юу?
-
Аливаа улс орон хүүхдийн сэтгэлзүйн онцлог хэв шинжид тулгуурлан сургалтын тогтолцоогоо улам сайжруулдаг. Энэ жишиг ч бас манайд хэрэгжих шаардлагатай. Яагаад гэвэл хүүхдийн хүсэл сонирхол, хандлага цаг ямагт өөрчлөгдөж байдаг онцлогтой. Алсдаа манай улс ч гэсэн боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилж улам боловсронгуй болох байх.
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн 2017 оны эхний хагаст хийсэн судалгаагаар 13-18 насны 3400 гаруй хүүхдийн 46.9%-д нь сэтгэлзүйчийн тусламж, үйлчилгээ шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.
Тиймээс тус хүрээлэн:
-
2-18 насны хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүй, харилцаа, хэл ярианы хөгжлийг судлах арга
-
Бие хүний зан төлөвийг судлах цогц арга
-
Хүүхэд, бие хүний сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг судлах арга
-
Бие хүний ажил мэргэжлийн ур чадварыг судлах арга
-
Тамирчдын гүйцэтгэлийн сртатегийг судлах зэрэг цогц аргуудыг нутагшуулах гэсэн үндсэн 5 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр үзнэ үү.
https://www.facebook.com/InstituteofAppliedPsychologyMongolia/
Ц.ЭНХ-ОРГИЛ
Өсвөр насны хүүхдүүдийн 46.9%-д нь сэтгэлзүйн тусламж үйлчилгээ шаардлагатай байна |
|