Улсын Онцгой комисс энэ сарын 19-ний өдөр хуралдаж, Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80 ширхэг, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн юм.
Тусламжийн цуваа долдугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймагт хүрч, үерийн гамшигт өртсөн 80 иргэнд таван ханатай гэр өгчээ. Түүнчлэн шуурхай албаны автомашин /фургон/, дугуйт ачигч /ковш/-ийг Онцгой байдлын газарт, цэвэр усны автомашиныг Өлгий сумын ЗДТГ-ын Хот тохижуулах албанд, бохир усны автомашиныг Нийтийн аж ахуй үйлчилгээний “Суат” ХХК-д тус тус хүлээлгэн өгсөн байна.
Мөн энэ үеэр “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагуудын олгосон тусламжийн барааг үерт нэрвэгдсэн иргэдэд олгосон. Хүмүүнлэгийн тусламжийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Улсын Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар хүлээлгэн өгсөн юм.
Үерийн гамшигт өртсөн 530 айлаас 80 гаруй нь монгол айл байдаг аж. Орон гэргүй болсон айлуудад тусламжийн гараа сунгасан хандив, аяны хүрээнд нийт 103 гаруй гэр цугласан байдаг. Эдгээр нь мэдээж цоо шинэ шалтай, халх таван ханатай гэрүүд юм. Үүнээс 40 гаруйг нь монгол иргэдэд үлдсэн 60 гаруй гэрийг казак иргэдэд олгосон байна.
Гэвч иргэд тусламжаар авсан гэрээ зах дээр аваачиж зарж байна гэх мэдээлэл гараад байна. Толгой хоргодох орон байр зайлшгүй хэрэгтэй байсан бол, эсвэл шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүд гамшгийн тусламжийг зөв эзэнд нь шударгаар хүргэсэн бол ийм асуудал гарах байсан уу гэдэг анхаарал татах асуудал юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, казак иргэд тусламжаар авсан гэрүүдээ зарж эхэлсэн байна. Тухайлбал, шалгүй гэрийг 500 мянган төгрөгөөр зарсан тохиолдлууд эхнээсээ гарчээ. Энэхүү мэдээллийн дагуу “Гэр зарна” гэх зарын дагуу холбогдоход гэр аль хэдийнэ зарагдсан болохыг хэлж байсан юм.
Холбогдох албаны хүмүүс гэр зарсан гэх мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж эхэлсэн байна. Хэрэв гэрээ зарсан нь тогтоогдвол хурааж авах, хариуцлага тооцох арга хэмжээ авах аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Ц.ОРГИЛ
Казак иргэд тусламжаар авсан монгол гэрээ зарсан уу |