“Хан-Уул дүүргийн XIII хороо “Туул” тосгонд галзуу адуу хүүхэд, үхэр, нохой хазсан тохиолдол гарчээ” гэх мэдээллийн дагуу адуунд хазуулсан гэх зургаан настай хүү С-ийн ээж Э.Буян-Өлзийтэй утсаар холбогдож мэдээлэл авлаа. Уг хэрэг Хан-Уул дүүргийн XIII хорооны IV хэсэгт энэ сарын 28-ны 08.00 цагийн үед гарчээ.
Э.Буян-Өлзийгөөс болсон үйл явдлыг тодруулахад “Арын хөл нь “X” хэлбэртэй болсон нэг адуу унаж, бүдэрч явсаар ойролцоо байсан малыг хазаж, гэмтээж байсан. Манай гадаа ирэхэд нохой маань боргосон. Ингээд адуу цааш явахад нохой араас нь нэхэж боргосон юм. Харин хүү маань нохойныхоо араас гүйсэн. Энэ үед адуу хүү рүү дайрч шилбэнээс нь хазаж, толгой руу нь өшиглөсөн. Үүнээс болоод хүүгийн толгой хагарсан, долоон удаа оёо тавиулсан. Адууны ам дүүрэн цустай харагдсан. Дараа нь тус хэсгийн малын мэргэжилтэн Т, болон “Туда” малын эмнэлгийн эмч Н нар ирж, шинж тэмдгээр нь адууг галзуурсан гэж үзсэн. Ингээд адууг барьж чадалгүй хэсэг оролдсоны эцэст манай эндхийн гахайчин залуу барьж, хүлсэн. Удалгүй Онцгой байдлын газрынхан ирсэн. Тэдний үүрэг нь аюулгүй болгох тул ирээд явсан. Ингээд тэр адуу өнөө өглөө /2018.7.30/ үхсэн. Эмч, мэргэжилтнүүд адуунд шинжилгээ хийгээд, устгана гэж байсан. Тухайн адуунд хэдэн мал хазуулсныг тодорхой болгоогүй байгаа. Бид нарын мэдэж байгаагаар гурван нохой, адуу, үхэр тэр адуунд хазуулсан. Хазуулсан гэх нохойнуудыг буудаж устгана гэсэн. Үхэр адуунд нь галзуугийн эсрэг тариа хийсэн. Хүү маань өчигдөр галзуугийн эсрэг тариа хийлгэсэн. Галзуугийн эсрэг тариаг хазуулсан өдөр болон гурав, долоо, 14, 21 дэх хоног дээр нь хийдэг юм байна. Энэ хэсгийн малын мэргэжилтэн тэр адууг эрт илрүүлж, холбогдох арга хэмжээг яагаад аваагүй юм бол. Тэр адууг үхэхээс нь өмнө яагаад шинжилгээ авсангүй вэ. Би маш их гомдолтой байна” гэв. Тухайн адууны эзэн хэн болох нь тодорхойгүй байгаа ажээ.
Ц.ОРГИЛ
Хүүхэд, нохой руу дайрч хазсан галзуу адууны эзнийг тогтоогоогүй байна |