Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Худалдаа эрхлэгчид МАН-ын байрны гадаа хугацаагүй тэмцэл эхлүүлэхээ мэдэгдлээ
7 жил өмнө   653

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн хурлаар МАН-ын байрны гадаа хугацаагүй тэмцлийг эхлүүлэхээ мэдэгдсэн юм. Мөн Хуулийн хүрээнд наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл Нийслэлийн засаг дарга, МАН-ын дарга, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлж байгаа аж.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн “Пунсалдулам “Монгол улсад 300 гаруй мянга  худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр худалдаачдын эрх ашгийг төр засгийн өндөрлөгүүд хавчиж боосор байна. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс биднийг шалгуулахын тулд прокуророос цагдаа явуулсан байна лээ.

Хоёр цагдаагаас нь хэн гэдэг прокурор шалга гэсэн юм бэ гэхээр тэр нууцлалтай гээд байгаа юм. Үүнийг би МАН-аас явуулгатай гэж бодож байна. Та нарыг торгоно барьж, хорино гэж сүрдүүлдгээ болимоор юм. Өөрсдөө дээгүүрээ хэчнээн саяар нь идээд, эх орноо худалдаад байж, хэдхэн худалдаачин руу яагаад дайрч, давшлаад байгаа юм. Бид үүнийг эсэргүүцэж байна. Тийм ч учраас цаашид тэмцлийн хурц хэлбэрт хүртлээ тэмцэнэ гэдгээ хатуу мэдэгдмээр байна” гэв.

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран гаргасан мэдэгдэлдээ:

Монгол ардын нам нь 1992 оноос хойш ард иргэдийнхээ аж амьдралыг өөд нь татна, элбэг хангалуун амьдруулна хэмээн сонгуулиас сонгуулийн хооронд худал амлалтаар ард түмнээ хууран мэхэлж удаа дараа УИХ-ын сонгуульд ялалт байгуулан Засгийн газраа байгуулан ажиллаж ирсэн

Хамгийн сүүлд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН нь ажилгүйдэл, ядуурлыг шийднэ, ажлын байрыг нэмэгдүүлнэ, татварыг багасгана, шударга ёсыг тогтооно, авлига хээл хахуультай тэмцэнэ гэх мэтчилэнгээр амлаж үнэмлэхүй ялалт байгуулан УИХ-д 65 суудал, НИТХ-д 34 суудал авч өөрсдийн амласан амлалтаа хэнээс ч хараат бусаар биелүүлэх бүрэн эрхийг авсан билээ.

Харамсалтай нь сонгууль дуусмагц амласан амлалтаа мартаж татварыг нэмж. Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлогыг хэрэгжүүлж улмаар төрд ямар ч дарамт шахалт учруулалгүй өөрсдийн хүч чадлаар, өөрсдийнхөө боломжоор эдийн засгийн баталгаагаа хангахаар хөдөлмөрлөж буй хувиараа худалдаа эрхлэгч иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж улмаар нийт хувиараа худалдаа эрхлэгчид өр, зээлийн дарамтад, төрийн харгис дарангуйлал, татвар, торгуулийн хүчирхийлэлд айдастай амь зуун амьдрах болсныг бид эвлэлдэн нэгдэн эсэргүүцэхээр эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцлийг ийнхүү эхлүүлж байгаагаа уламжилж байна.

 

Бидний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх эрх чөлөөг боомилж цагдаа, прокуророор далайлган сүрдүүлэхийг оролдож байгаа ч цаг үе өөрчлөгдсөнийг хатуу сануулан бид шийдэмгий тэмцэх болно.

Эх орноосоо урвагч Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хууль, хяналтын байгууллагын арчаагүй, ядарсан дээрэлхүү, задарсан зусарч үйл ажиллагааг нухчин дарах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Бид 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн өдөр бүр МАН-ын төв байр болох ард түмнээсээ өөрсдийгөө тусгаарласан, ард түмнийхээ хөрөнгөөр босгосон ТУСГААР ТОГТНОЛЫНХ нь ордны гадна хугацаагүй цуглаан, жагсаал, суулт, өлсгөлөнгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна.

60 тэрбум төгрөгийн авлига, хээл хахуулийн үр дүнд хууль бусаар байгуулагдсан ГЭМТ Засгийн газар, нийслэл, дүүргийн удирдлага та бүхнээс бид зөвшөөрөл хүсээгүй болно.

Бидний эсэргүүцлийн арга хэмжээнд Монголын шударга иргэд бүгд нэгдэх болно. МОНГОЛЫН ХУДАЛДААЧДЫН ХОЛБОО, ТҮЦ-ЭЭР АМЬ ЗУУГЧДЫН ХОЛБОО” гэжээ.

 

Ц.ОРГИЛ

Худалдаа эрхлэгчид МАН-ын байрны гадаа хугацаагүй тэмцэл эхлүүлэхээ мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0