Улаанбаатараас Сайншандыг зорьж явсан галт тэрэг өнөөдөр үүрээр осолдож, дөрвөн вагон замаасаа гарч, олон хүн бэртсэн. Урьдчилсан байдлаар ослын шалтгаан нь хүчтэй аадар бороо орсны улмаас гэсэн дүгнэлт гараад байгаа юм.
Одоогийн байдлаар ЗТХ-ийн сайд болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь шуурхай ажиллаж байна.
Тэгвэл бэртсэн иргэдийн талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Өнөөдөр 13.00 цагийн байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламжийг үзүүлж 81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, долоон хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн, үзлэг, оношилгоо хэвийн хийгдэж байна. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний биеийн байдал хүнд, бусад хүмүүсийн биеийн байдал сайн, хөнгөн гэмтэл авсан, шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, 2 бага эмч, 5 үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байна. Дорноговь аймгийн НЭ, Айраг Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд нар дайчлагдан ажиллаж байна" гэлээ.
А.ЦЭЛМЭН
88 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн ч хоёр хүний биеийн байдал хүнд байна |
|