Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундаа архинд шилжүүлснээр 6,2 литр байгаа бөгөөд 8-9 литр хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг байна. Манай улсын хувьд 18-аас дээш насны хүнд ноогдож байгаа бүх төрлийн согтууруулах ундааг 38 градусын архинд шилжүүлснээр үйлдвэрлэгдсэн, импортолсон согтууруулах ундаанаас экспортынх нь хэмжээг хасаж тооцоход 2002 онд 9,03 литр, 2011 онд 41,2 литр байгаа юм. Харин энэ тоо 2013 онд 27,5 хувиар өсжээ.
Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршлын хор хөнөөлийн талаар өсвөр үе залуучуудад мэдлэг олгохоор Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй /СЭМҮТ/ 2018 онд хамтран ажиллах гэрээнд өнөөдөр /2018.02.23/ гарын үсэг зурлаа.
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга С.Сүх-Очир болон СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, болон СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай нар энэ талаар мэдээлэл хийлээ.
Энэ хүрээнд мөн дээрх байгууллагууд 2017 онд хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах , мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан 30 удаагийн цуврал сургалт хийжээ. Жилийн эцсийн байдлаар Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их дээд сургуулийн 3019 сурагч, оюутан залуучуудыг хамруулжээ. Харин энэ жил нийслэлийн есөн дүүрэг тус бүрд багадаа 5-6 удаагийн давтамжтайгаар нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэх юм байна. 2020 он гэхэд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиудад тус сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа гэдгийг тэд онцолж байв.
ӨСВӨР НАС ГЭДЭГ ӨӨРӨӨ ЭМЗЭГ НАС
СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай “Өсвөр нас гэдэг өөрөө эмзэг нас. Өсвөр насны сэтгэлзүйн онцлог гэвэл нэгнээ даган дуурайх, хариу урвалууд байдаг. Архи тамхийг анх сонирхож эсвэл үе тэнгийнхний шахалтаар хэрэглэх тохиолдол байдаг. Хэдий чинээ залуу насандаа мансууруулах бодис юм уу согтууруулах ундаа, тамхийг хэрэглэж эхэлнэ төдий чинээ донтох эмгэг үүсэх эрсдэлтэй. Нэг бодист донтсон хүн дахиад дараа дараагийн бодист донтох эрсдэл өндөр байдаг учраас сургалт хийх нь чухал байгаа юм. Мөн сүүлийн үед согтууруулах ундаа, тамхи гэхээс илүү цахим тоглоомын донтолт ихсэж байна. Сүүлийн 5-10 жилийн статистик тоо баримтыг харахад цахим тоглоомонд донтох эмгэг гурав дахин нэмэгдсэн. Манай донтох эмгэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан донтох эмгэгт өртсөн байдаг. Цаашид архи тамхи гэлтгүй цахим тоглоомын донтолтын чиглэлд анхаарсан ажлуудыг хийнэ “гэв.
Эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд үндэсний түвшинд явуулсан тамхины хэрэглээний судалгаагаар хөвгүүдийн 20,3 хувь, охидын 8,3 хувь нь одоогоор ямар нэгэн тамхи хэрэглэж байна гэжээ. Энэ нь залуучууд эмэгтэйчүүдийн дунд тамхи таталт нэмэгдэж байгаа нь онцгой анхаарах ёстой асуудал юм гэдгийг илтгэж байна.
ЦАХИМ ТОГЛООМОНД ДОНТОХ ЭМГЭГ ӨСЧЭЭ |
|