Т.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа:
-Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Энэ хэргийг зохион байгуулсан хүмүүс нь Тагнуулын ерөнхий газар, /ТЕГ/, Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/ болон цагдаагийн байгууллагууд. Зохиомол хэрэг үүсгэхийн тулд миний хүүг мансууруулж, хууль бус аргаар хүний хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, мэдүүлэг авч байна. Гэрчийн мэдүүлэг авсан гэж хэлж байгаа ч үнэн хэрэгтээ тэр гэрчүүд нь хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй байна. Сүүлийн үед хэргийн материалуудыг ил болгосон гэж хэлж байгаа боловч өнөөдрийг хүртэл ил болгосон зүйл алга. Харин өөрсдийн хуйвалдаанаа нууцын зэрэглэлд оруулсан. Миний хүүг тамлан зовоож, хорих газарт нас барах юм бол би хуулийн байгууллагаас хүүгийнхээ амийг нэхнэ.
Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат:
-Хэрэгтэн гэж тасалж, шоронд хийсэн юм бол яагаад хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв зүйл ярьж, нэвтрүүлэг хийж сандарч гүйгээд байгааг нь ойлгохгүй байна. Энэ гурван хүнийг нэг айлыг гэр бүлээр нь шатааж, амь насыг нь хохироосон гэдэг. Гэтэл энэ галын шалтгааныг УЕП-ын орлогч Д.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа цахилгааны утас хэдэн метрийн цаана тасарсан гэж хэлсэн. Гэтэл тухайн үед Орхон аймгийн Онцгой байдлын газраас нотломж гаргасан байдаг. Энэ нотломжид “Гал түймэр гарсан шалтгааныг хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант гудамжны .. тоотод гарсан гал цахилгаан ашиглалтын буруугаас гал гарсан” гэсэн дүгнэлт байдаг. Хуулийн байгууллагаас 20 жилийн өмнө байрны гадаа байсан хүмүүсээр гэрч хийж байна. Гэтэл энэ хэргийн амьд гэрч болох Булган байсаар байтал тэр хүнийг гэрч биш гэж тайлбарлаж байна.
Хамгийн анхны ам зураг бол хамгийн бодит зураг гэж би хувьдаа боддог. Гэтэл миний дүүг хэрэг гарахаас 10 жилийн өмнөх зурагтай ижил хэмээн тайлбарласан байсан. МҮОНРТ-ээр хоёрдугаар сарын 12-нд цацсан нэвтрүүлгээр захиалагчийг удахгүй олно гэсэн. Ингэхдээ зуучлагч байгаа учраас захиалагчийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ойролцоо байгаа гэж нэг шинэ дүр гаргаж ирээд хайж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр хэлж байгаагаар нь бол энэ гурвын гэр бүлээс зуучлагчийг хайна гэж ярьж байгаа юм. Мөн тэр нэвтрүүлэгт 1998 онд татгалзах аргагүй санал тавьсан гэж хэлсэн байна лээ.
Ц.Амгаланбаатар үе үе их мөнгөтэй болсон, түүнийгээ захиалагчаас авч байсан гэж прокурорын байгууллагаас бэлтгэсэн нэвтрүүлэгт ярьсан байсан. Тэгэхээр Ц.Амгаланбаатар захиалагчийг мэдэж байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байгаа юм. Хэрэв үе үе их мөнгөтэй байдаг байсан юм бол ээжийгээ гэрээс нь хөөж гаргаад, гэрээ зарж байсан, таксины жолоочийн амь насыг хөнөөсөн хүн. Тэгэхээр их мөнгөтэй байсан хүн мөнгөний төлөө хүний амь нас хохироогоод байж болох уу. Энэ мэт хууль, прокурорын байгууллагаас гаргаж байгаа мэдээллүүд зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээ төрүүлсээр байна. Гаргаж байгаа баримтууд нь эргэлзээ төрүүлсээр, зөрүүтэй байна. Тиймээс энэ хэргийг ил болго гэлээ.
"МИНИЙ ХҮҮГ МАНСУУРУУЛЖ, ХУДАЛ МЭДҮҮЛЭГ АВСАН" |
|