Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ажиллаж байна. Тус суманд өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр орсон усархаг борооны улмаас үер бууж, 181 айл өрх усанд автаж, 169 хашаа нуржээ. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд 70 хүн, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Нийтийн эзэмшлийн 15.5 га талбай, 1.2 км үерийн даланг засварлах, 1.4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэхэд нийт 10 гаруй сая төгрөгийг зарцуулжээ.
Цаашид үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32.8 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулахад нийт 31.1 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа аж.
Шадар сайд Ө.Энхтүвшин, үерийн улмаас сумын төвд хурсан лаг шаврыг цэцэрлэг, сургууль эхлэхээс өмнө цэвэрлэж, ариутгаж дуусгах үүрэг өгсөн юм. Тус ажлыг хийж, гүйцэтгэхэд шаардагдах 20 сая төгрөгийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэхээр болжээ.
Ц.ОРГИЛ
Хөвсгөл аймгийн Их-Уул суманд шаардлагатай 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ |