Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгах шаардлагатай
7 жил өмнө   1546

ХНХ-ын сайд С.Чинзориг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Ганбаатар болон МАОЭНХ-ний гүйцэтгэх захирал Х.Амгаланбаатар  нар цалингийн доод хэмжээг нэмэгдүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг “ХНХ-ийн 3 талт хэлэлцээрээр гарсан шийдвэрийг та бүхэнд хүргэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа. Тиймээс энэ хуулийн дагуу тодорхой шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалинг хэлнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Торгуулийн хэмжээг тодорхой нэгжээр заадаг болсон. Өнгөрсөн жил тодорхой хуулиудад өөрчлөлт оруулснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхээргүй болсон. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд, хөдөө АА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажил олгогчдод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдүүлэх нь сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ гурван талт хэлэлцээрийн үр дүнд энэ хэмжээг тогтоосон.

Мөн Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр 15:00 цагт ярилцахаар төлөвлөж байна. Нэгдсэн үр дүн гарж чадвал энэ асуудлыг Засгийн газарт өргөн барина” гэв.

Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь 12 дугаар анги төгссөн, 9 дүгээр анги төгссөн, эсвэл цэргээс халагдсан мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүст өгөх цалин гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нэмэгдсэнээр өнөөдөр залуучуудын ажил хийх хүсэл эрмэлзэл илүү нэмэгдэнэ гэж бодсон.

Одоо бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгаарай гэсэндээ бид өнөөдөр энэ талаар хэвлэл мэдээллээр зарлаад байгаа юм.

Хэрэв та бизнес эрхэлдэг бол доод тал нь ажилчиндаа 320 мянган төгрөг өгж чадахгүй гэж бодож байвал бизнесээ зогсоо. Тиймээс залуу хүмүүсээ дэмжих хэрэгтэй" гэв.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Өмнө нь хоёр жил тутамд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож байсан. Тиймээс өчигдөр бид санал нэгдэж хоёр жил дараалан нэмэхээр шийдвэр гаргаж байна.

2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс 1 долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог.

Торгууль шийтгэлийн тухайд зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй" гэлээ.

Ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 хувиар нэмэгдүүлдэг байсныг 70 хувь болгон өөрчилж байна. 

Дашрамд, улсын хэмжээнд 1,1 сая иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянга гаруй нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг аж.

 

Ц.ОРГИЛ

 

Бүх ААН-үүд ирэх оны төсвөө хийхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ 320 мянга болгон тусгах шаардлагатай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0