Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
С.Чинзориг: 145.000 төрийн албан хаагчийн цалинг нэмж, 200 гаруй тэрбум төгрөг зарцуулна
6 жил өмнө   422

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаатай холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газар 2018 оны эхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гурван талт хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээрээр ОУВС-тай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр эвтэй хамтарч ажиллана гэсэн үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ дагуу ОУВС-тай хамтарч, энэ оны дөрөвдүгээр улирлаас эхэлж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр боллоо. Засгийн газрын зүгээс шийдвэр гаргахдаа хэд хэдэн зарчмыг баримталсан. Юуны өмнө цалин хөлс багатай байгаа эдийн засгийн хүнд нөхцөлд нэрвэгдэж байгаа хэсгийнхээ цалинг нэмэгдүүлэх чиглэл баримталсан.

Мөн өнгөрсөн жилээс эхлэн төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлагаас хамаарсан цалингийн системтэй болгоно гэж ярьсан. Үүнийхээ дагуу эрүүл мэндийн салбарт болоод боловсролын салбарт ажлын байрны үнэлгээ хийсэн. Улмаар судалгааг үндэслэж төрийн албан хаагчдын цалин хөлсийг ялгамжтай болгох шинэчлэлийг эхлүүлж байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ соёл урлагийн салбарын ажилчдын цалин хөлсийг маш бага буюу 12.5 хувиар доогуур тогтоогдож ирсэн. Тиймээс эхний ээлжинд тэдний цалинг нэмнэ.

Энэ удаа цалин хөлс нэмэгдүүлэхдээ улстөрийн албан тушаалтан болон шүүгч, прокуроруудын цалинг нэмэхгүй. 2018 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ. Ингэхдээ багш, эмч нартай дүйцэхүйц албан тушаалтан болоод эдгээрээс доогуур бага цалинтай байгаа албан хаагчдын цалинг эхний ээлжинд найман хувиар нэмэгдүүлнэ. Үүнд үйлчилгээний албан хаагчид, төрийн захиргаа болон төрийн тусгай албан хаагчид бүгд хамрагдана. Нийт 145.000 төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байна.

Төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, ачаалал, ур чадвараас шалтгаалаад ялгамжтай цалин авдаг байх шинэчлэлийг эхлүүлж байна. Энэ хүрээндээ эхний ээлжинд судалгаа үндэслэж, сувилагч нарын шатлалыг 1-2-оор нэмэгдүүлж, цалинг 20-30 хувиар, бага ангийн болон цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичээл заадаг багш нарын шатлалыг 1-ээр нэмж, цалинг 14 хувиар нэмж байна. Соёл урлагийн салбарын ажилчдын цалинг 8 хувиар нэмэхийн зэрэгцээ ангилал зэрэглэлийг 7 болгож байна. Ингэснээр тэдний цалин есдүгээр сарын 1-нээс 14-32 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. Сангийн яамтай төсвийн төсөл боловсруулахдаа цалин хөлсийг хэдэн хувиар нэмэх үү, хэчнээн төгрөг шаардах уу гэдэг тооцоогоо хийж байна. Баримжаагаар, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгааны ажил хийгдэж байна. Гэхдээ энэ эцсийн тоо баримт биш” гэв.

 

А.ЦЭЛМЭН

С.Чинзориг: 145.000 төрийн албан хаагчийн цалинг нэмж, 200 гаруй тэрбум төгрөг зарцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0