Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
5270 агаарын цэвэршүүлэгч худалдан авч, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг бүрэн хангажээ
6 жил өмнө   1100

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар  “Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай“ мэдээллийг  сонсож, хэлэлцсэн байна.

Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга  Б.Цацрал ”Өнгөрсөн нэг сарын хугацаанд  Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд хамаарч байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхим,  эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд  5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ.

Агаар цэвэршүүлэгч  худалдан авах гэрээг  есөн аж ахуй нэгжтэй байгуулсан байна. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-өөс  908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосон  агаар цэвэршүүлэгчийн  ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байна“ гэж  Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрсний хэрэглээг  хязгаарлах гэж байгаатай холбогдуулан  сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих ажлын хэсэг  байгуулагдан ажиллаж байна. Засгийн газар, нийслэл, салбарын яамдын төлөөлөл бүхий 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа болон  үйлдвэрлэх бололцоо бүхий  8 үйлдвэр болон “ Эрдэнэс таван толгой” ТӨХК, ” Энержи Ресурс” ХХК-ийн хоёр уурхайн үйл ажиллагаатай танилцсан байна.

Ажлын хэсэг  дүгнэлтээ гаргаж, “Монгол шахмал түлш нэгдэл”-д  гишүүнээр элссэн  11 аж ахуйн нэгж жилдээ  300 мянган тонн  сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Мөн Дулааны 2-р цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр  200 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан  гэдгийг танилцууллаа.

Нийслэлийн нийтийн тээврийг хүртэл эко болгох ажлын хүрээнд “Эрдэм транс” ХХК нь байгалийн шатдаг  хийгээр ажилладаг тэжээлийн системтэй  зургаан автобусаар  үйлчилж эхэлсэн.  Цаашид ч  энэ ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэлээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр  хийсэн ажлууд тодорхой үр дүнгээ өгч байгаагийн зэрэгцээ  хяналт мониторинг сайн хийгдэж байна гэдгийг  Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ”Сар тутам агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа  Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, мэдээлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн.

Улирал бүр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанд  мэдээлж, сургалт сурталчилгааг хийж байх шаардлагатай. Агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдаж дууссан ч гэлээ  зөв хэрэглэх, хэрэглээнд нь хяналт тавих ажлыг мөн хийх хэрэгтэй гэв. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох  гэж байгаатай холбогдуулан сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй" гэж хэлээд үнэ тарифын судалгааг хийх ёстойг албаны хүмүүст сануулсан байна.

5270 агаарын цэвэршүүлэгч худалдан авч, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг бүрэн хангажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0