Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
700 тэрбум төгрөгийн хохирол учирсан байвал улсад буцаан өгөх ёстой гэв
6 жил өмнө   491
Өнөөдөр геологич Т.Батсайхан Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар наймдугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа мэдээллээ.
 
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хандгайт нэртэй төмрийн хүдрийн уурхайд ажиллаж байгаа “Болд төмөр Ерөө гол” болон “Инфинитиспэйс” компаниуд хуурамч тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж, ихээхэн хэмжээний төмрийн хүдэр сүүлийн зургаан жилийн турш олборлож байж магадгүй гэдэг үндэслэлийг гаргаж, өөрт олдсон зарим нэг баримтуудыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагуудад хандан, тэдгээр байгууллагуудаас авсан мэдээллийг үндэслээд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
 
Т.Батсайхан хэлэхдээ “Хэчнээн том бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явуулж байгаа ч Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн байвал бид хариуцлага тооцох ёстой. Жишээ нь, багш нар ажил хаяна гэсний дагуу 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгоход улсын төсөвт 56 тэрбум төгрөг тусгасан гээд мэдээлж байна.
 
Урьдчилсан байдлаар дээрх хоёр компаний гаргасан төмрийн хүдрийн экспорт 700 орчим тэрбум төгрөг болох магадлал маш өндөр байна. Яг ямар баримтууд байгаа вэ гэвэл би холбогдох цугларсан бичиг баримтууд, өөрийн таамгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шалгах хуулийн дагуу гаргасан гомдолдоо хавсаргаад өгчихсөн. Маргаан үүсвэл өөрийн гаргасан бүх баримтыг нотлохыг оролдоно. Хэрвээ маргаан үүсвэл гэж хэлж байгаагийн учир нь Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх эсэхийг судалж тогтоодог. Энэ хэрэг дээр маргаан үүсгэж, хурал болно гэсэн мэдээлэл одоогоор ирээгүй байна.
 
Энэ сарын 14-нд би гомдлоо гаргасан. Мэдээж ийм том байгууллагын бизнесийн нэр хүндэд халдаж байна гэсэн байдал гараад ирвэл хэрвээ би буруутай байвал хариуцлагаа хүлээнэ. Би үүнийг бодож байж энэ мэдээллийг хийж байгаа юм. Энэ улс эх оронд хүн болгон хуулийн дор амьдрах ёстой. Бид ч гэсэн хууль зөрчөөд яваад байвал хуулийн хариуцлага хүлээнэ. Мэдэгдэхгүй, баригдахгүй л бол ингээд яваад байж болно гэсэн сэтгэхүй үлдээмээргүй байгаа байхгүй юу.
 
Та нар хар л даа Улаанбаатар хот дундуур ганц төмөр зам явдаг. Тэрүүгээр өдөр бүр 100 гаруй вагон төмрийн хүдэр тээвэрлэж байна. Энэний тодорхой хэсгийг хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон нь мэдээж. Гэхдээ өдөр бүр гарч буй 100 гаруй вагон төмрийн хүдрийн нэлээд хэсэг нь хууль бусаар гарч байгаа юм биш үү гэдгийг л би гаргаж тавиад байгаа юм. 700 тэрбум төгрөгийн хохирол учирсан байвал улсад буцаан өгөх ёстой.
 
Би Сумъяабазар сайдыг нэг сайн шалгаж өгөөч гэсэн гомдол гаргаад, Үндсэн хуульд заагдсанаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэсэн хоёр заалтыг зөрчсөн гэсэн гомдол гаргасан. Би энэ салбарт ажилладаг хүн.
 
Таамгуудаа батлах гээд Чингэлтэй дүүргийн прокурор, Улсын ерөнхий прокурор, цагдаагийн байгууллагад хандаад, сүүлийн зургаан сар явсан. Тэднээс ирж буй хариунууд дандаа миний таамгийг нотолж байгаа. Гэхдээ тэд хэн нь ч асуудлыг шийддэггүй юм байна. Хэцүү байх л даа. Зарим нь шүүх рүү ханд гэсний дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандахад ашигт малтмалтай холбоотой гомдлыг хуулийн этгээд гаргах ёстой гэсэн.
 
Нэгэнт хууль зөрчсөн хэрэг байхад би түүнийг захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэхийн тулд хуулийн этгээд байгуулна гэдэг их тэнэг асуудал байхгүй юу. Эрүүгийн хуульд "Гэмт хэргийг мэдсээр байж нуун дарагдуулвал хам хэрэгтэн болно" гэж заасан. Би хам хэрэгтэн биш шүү, энэ асуудлыг шийдээд өгөөч ээ гэж шүүхэд хандахын тулд би тамга тэмдэгтэй хуулийн этгээд байгуулах болчихож байна. Тийм учраас би Захиргааны хэргийн шүүхэд хувь хүнээрээ нэг удаа хандсан, “Та хувь хүнээрээ хандаж байгаа учир таны эрх ашгийг зөрчөөгүй байна” гэх утгаар хэрэг үүсгэхээс татгалзсан хариу авсан.
 
Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх болов уу гэж найдаж байна. Маргаан үүсгэхгүй бол би дахиад гомдол гаргана. Яагаад Үндсэн хуулийн ийм тодорхой заалтуудыг зөрччихөөд байхад маргаан үүсгэхгүй байгаа юм бэ гэж” хэмээн хэллээ.
700 тэрбум төгрөгийн хохирол учирсан байвал улсад буцаан өгөх ёстой гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0