Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Ц.Отгонбат: Тэдний буудсан сум хүзүү рүү оноод хацраар нэвт гарчихсан
7 жил өмнө   1261
Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг.  Тэр ч утгаараа Отгонтэнгэр хайрханы урд хормойд байрлах Бадархундага рашаанаас сүсэгтэн олон хүртэж, нуураа аргадан алт, мөнгө, зэс гэх мэт эрдэнээр урласан эдлэл өргөдөг уламжлал эртнээс тогтжээ. 
 
Тэгвэл, иргэдийн өргөсөн алт, мөнгөн эдлэлийг нуураас гаргаж авдаг, ашиг хонжоо харсан цэвдэг сэтгэлтнүүд ч байдаг бололтой. Тодруулбал, Өнгөрсөн амралтын гарагт буюу энэ сарын 9-нд Бадархундага нуураас авсан байж болзошгүй шуудайтай юм үүрсэн, шумбагчийн хувцастай үл таних гурван этгээд мөргөн залбирах гэж очсон иргэд рүү гал нээж, нэг иргэний хүзүүн тус газар нь буудаж шархдуулаад, машиныг нь унаад зугтсан талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн.
 
 
Тус хэргийн талаар ЦЕГ-ийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс тодруулахад, "Энэ сарын 9-ний өдөр "Отгонтэнгэр хайрханы ойролцоо нэг залуу, хоёр хүн буудчихаад машиныг нь унаад зугтчихлаа" гэсэн дуудлага мэдээлэл" ирсэн байдаг. Дуудлагийн дагуу Завхан аймгийн Цагдаагийн газраас бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч тус хэргийг үйлдсэн сэжигтэн этгээд Баян-Өлгий аймгийн харъяат 31 настай эрэгтэй  “Т”, 22 настай “Т” нарыг баривчилж саатуулсан. Галт зэвсэг ашиглан хүн гэмтээж, машин хулгайлаад зугтсан Улаанбаатар хотын харъяат 25 настай эрэгтэй “Д”-г шуурхай эрэн сурвалжилж  тухайн аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс баривчилсан. Одоо Завхан аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа" гэв.
 
Харин тухайн өдөр хүзүүндээ буудуулан, өдгөө Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй н.Отгонбаттай уулзаж цөөн хором ярилцлаа. 
 
 
-Та хэзээ хотод ирсэн бэ. Бие нь яаж байна?
 
-Өчигдөр орой хотод ирсэн. Аймагт байхдаа цус тогтоох эмчилгээ хийлгэсэн болохоор одоо гайгүй байна. Гэхдээ ярихад хүндрэлтэй, хэцүү байна. Нэг талын шүднүүдийг маань авна. Бас хэлэнд оёдол тавина гэсэн.
 
-Та яг аль хэсэгтээ буудуулсан юм бэ?
 
-Сум нь үзүүнд оноод, хацраар нэвт гарчихсан. 
 
-Тухайн өдөр юу болсон талаар ярихгүй юу?
 
-Тухайн өдөр би ах дүү нартайгаа хамт Отгонтэнгэр хайрханд мөргөхөөр очсон. Биднийг очиход нэг машин зогсож байсан. Машины хажууд зогсож байсан хүмүүс нэг ууттай юм машиндаа хийчихээд гүйгээд явчихсан. Араас нь манай хоёр дүү гүйгээд явчихаар нь залуучууд уралдаж гарах гэж байгаа юм байхдаа гэж бодоод нэг их юм бодоогүй. Гэтэл хоёр дүү маань энэ хүмүүс их сэжигтэй байна. Сая тэр чулуун овоон дотор нэг юм нуучих шиг боллоо гэсэн. Тэгээд тэрийг нь гаргаад үзсэн чинь усанд шумбадаг 3 ширхэг усны хувцас уутанд хийгээд булчихсан байсан. Тэгээд бид нар зугтсан хоёрыг нь барьж аваад хүлсэн. Харин гурав дахь хүн нь бид нарыг хараад бууж ирэхгүй байснаа гэнэт машин руу гүйгээд машиныхаа цонхыг хагалж хувцасаа авч өмсөөд бидэн рүү буудаад над дээр ирж ална гэж сүрдүүлэн машины маань түлхүүрийг авч, машин унаад зугтчихсан.
 
-Сэжигтнүүд гурвуулаа явж байсан юм уу. Та хэдүүлээ явж байсан бэ?
 
-Хоёр Казак, нэг Монгол хүн байсан. Харин би ах дүү нартайгаа арвуулаа явж байсан. Тэднийг бодвол олуулаа байсан болохоор тийм муухай хүний санаанд багтамгүй зүйл хийж байгаа залуусыг хараад зүгээр явуулчихаж болохгүй гэж бодсон. 
 
Ц.ОРГИЛ
Ц.Отгонбат: Тэдний буудсан сум хүзүү рүү оноод хацраар нэвт гарчихсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0