Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголын нийгэм "Зэрлэгшиж" гүйцэж мэдэхээр байна
6 жил өмнө   2093

Герман бүсгүй Монголын тал нутгаар аялж явахдаа яс, мах жихүүцүүлсэн бэлгийн дарамттай өдөр бүр шахам нүүр тулсан тухайгаа өөрийн блогтоо нийтэлсэн нь өнөөдөр Монголыг дэлхийд муухай харагдуулсан гэхээс илүүтэй бид ямар нийгэмд амьдраад байна вэ гэдгээ тунгаах ёстойг сануулсан сургамж болов уу.

 

Жуулчин бүсгүйн бичсэнээр аялж явахад нь монгол эрчүүд мэндийн ч зөрүүгүйгээр гуя, өгзгөнд нь хүрч зүй бус авирлажээ. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил юм. Албан нэршлээрээ бол бэлгийн дарамт учруулсан гэж тодорхойлж болно. Хөгжилтэй оронд ийм зүй бус авир гаргасан хэн боловч шийтгэл хүлээдэг. Наанадаж торгууль төлөх бол цаанадаж ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө, саатуулагдана. Жишээ татвал, Франц улсад бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдэлтэй үг хэлж, сээтэн хаявал 400 ам.доллараар торгуулах хууль үйлчилж байна. Харин Монголд ногоон гэрэл асахыг хүлээж зогсоо бүсгүйн өгзгийг үл таних эрэгтэй барихыг оролдож, элдэвлэхэд торгочих зохицуулалт байдаггүй. Бүр ажлын байрны бэлгийн дарамт асар их байна шүү гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс, эмэгтэйчүүдийн байгууллага нь сануулсаар ирсэн атал Зөрчлийн тухай хуулийг батлахдаа энэ асуудалтай холбоотой заалтыг хассан байдаг. Хуулийн төсөлд туссан байсан заалт батлагдах үедээ хасагдана гэдэг бол хууль тогтоогчдын хувьд санамсаргүй гэхээсээ санаатайгаар зохицуулалтгүй үлдээв үү гэх хардлага араасаа дагуулж буйг буруутгах аргагүй.

 

Яагаад гэвэл Монголын эмэгтэйчүүдийн сан, Чаннел фондын санхүүжилтээр Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх ТББ-дын эвслийн 2015 онд хийсэн судалгаагаар 20-40 насны гурван эмэгтэй тутмын нэг нь дунджаар 8-10 удаагийн давтамжтайгаар ажлын байрандаа бэлгийн дарам­тад өртөж, хохирогч болдог гэж дүн гарч, энэ асуудлыг анхааралдаа авахыг төр засгаас хүссээр ирсэн. Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 14, 15, 16 дахь илтгэлийг өргөн барихдаа ч эрх зүйн зохицуулалт чухал болохыг сануулж, зарим хэрэгт хариуцлага тооцуулах санал хүргүүлж, арга хэмжээ авахуулснаа сануулж байв.

 

Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн иргэн Д-гийн гомдлыг сийрүүлбэл “Би сургуульд үйлчлэгчээр ажилладаг, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд манай захирал ажлын цагаар яаралтай хүрээд ир гэж хэлээд гэртээ дуудаж ирүүлэн надад эмэгтэй хүн хэрэгтэй байна, авгай хот явсан, хувцсаа тайл гээд миний хувцсыг тайлахаар татахад нь би гарч зугтсан. Ер нь захирал над шиг бусад эмэгтэй ажилтнуудад бэлгийн дарамт үзүүлдэг” гэсэн гомдлыг ирүүлсэн байх нь бий.

 

Энэ асуудал Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө болсон тул Хүний эрхийн үндэсний комисс гомдлын мөрөөр тус сургуулийн захиралд хариуцлага тооцуулах, цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх асуудлаар аймгийн Засаг даргад нь шаардлага хүргүүлж, асуудлыг зохицуулсан гэдэг ч шийдэгддэггүй нь олон бий.

 

Тэр битгий хэл өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд бэлгийн хүчирхийлэл газар авсныг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд анхааруулсаар байгаа. Хөвгүүд нь охидын даашинзны хормойг сөхөх, хичээлээ хийгээд сууж байхад нь охидын ар нуруугаар гараараа илж, хөхөвч зүүсэн эсэхийг нь шалгах, зарим тохиолдолд түгжээг нь тайлах зэргээр зүй бус авирладаг. Энэ нь бэлгийн дарамт үзүүлж байгаа нэг хэлбэр боловч ихэнх тохиолдолд сахилгагүйтэл, дэггүйтэл гэж үзэх нь олонтаа.

 

Учир нь бэлгийн дарамт гэж юуг хэлэх вэ гэдгээс эхлээд ойлголт бага,  мөн ажлын байраа алдахгүйн тулд хүлцэн тэвчихээс аргагүй болдог нь эцсийн дүндээ энэ асуудал нь соёлт ертөнцөд гэмт хэрэгт хамаарч байгааг ч мэдэхгүй болтлоо сохроход хүргээд байна.

 

Угтаа бол бэлгийн дарамт гэдэг нь бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчинг үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл  үзүүлэхийг хэлдэг аж.

 

Хэн ч байсан амар тайван ажлаа хийж, амжилт гаргаж, өсч дэвжих, аялж зугаалах эрхтэй. Гэвч энэ эрхийг  хэн нэгэн хувийн эрх ашиг, бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол хариуцлагаа хүлээх ёстой. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох зохицуулалт хийхгүй бол Монголын нийгэм зэрлэгшиж гүйцэж мэдэхээр байна.

 

Монголын нийгэм "Зэрлэгшиж" гүйцэж мэдэхээр байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0