Цөөн үгээр ...
  • Тунисын Эсперанс клуб Африкийн Аваргуудын лигт гурав дахь удаагаа түрүүлэв
  • Украины боксчин Александр Усик аваргын бүсээ хамгааллаа
Т.Гантөмөр: Хотын гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлнэ
7 өдрийн өмнө   119
НЗДТГ-аас “Гэрэлтэй хот ” аяныг хэрэгжүүлж эхэлсэн талаар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодрууллаа.
 
-Гэрэлтэй хот аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
 
-Аяны хүрээнд хотын гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчилнө. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн бригадуудтай гэрлийн засвар үйлчилгээг газар дээр нь очиж хийх юм.
 
Ирэх арванхоёрдугаар дугаар сарын 1 гэхэд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байгаа 61,070 гэрлийн 1,600 гэрлийн шонд засвар үйлчилгээ хийж асаах юм. Төв зургаан дүүргийн гэр хорооллын гудамж замд 31,643 гэрлийн шон, 35 мянга орчим гэрэлтүүлэг байгаагаас асахгүй байгаа 742 гэрэлтүүлгийн шон толгойг солих ажил хийгдэнэ. Мөн эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй болгох талаар санал гаргаж танилцуулна.
 
-Одоо гудамж талбайн гэрэлтүүлэг хангалттай хэмжээнд байгаа юу?
 
-Есөн дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61,070 гэрэлтүүлгийн шон асалттай байна. Гэрэлтүүлэг бүрэн бус байгаа нэг шалтгаан нь улсын болон гадаадын зээл тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр зам тавихдаа туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлдэг нь баталгаат хугацаанд нь гэрэлтүүлгийг хариуцах эзэн байдаггүй нь нөлөөлдөг байна.
 
Тухайлбал, наадамчдын замд НАЗХГ-ын захиалгаар баригдсан замд гэрэлтүүлгийн шонд баталгаат хугацаанд засвар хийгдээгүй. Мөн зуслангийн зам, Дамбадаржаа зэрэг алслагдсан замуудад асалтын засвар үйлчилгээний хүндрэлүүд гарч байна.
 
-Гэрэлтүүлгийн чанар, стандартын асуудал яригдах уу?
 
-Аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу хийнэ. Мөн гэрэлтүүлэггүй гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайн талаарх мэдээллийг иргэдээс авч яаралтай, шуурхай арга хэмжээ авна.
 
Ц.ОРГИЛ
Т.Гантөмөр: Хотын гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0