Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Нэгэн Тэнгэрийн дор
5 жил өмнө   1760
 
Хүйт унаж, өдөр ахардсан өвлийн эхэн сард ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэнгээр ахлуулсан бидний хэсэг нөхөд сэрүүт нутгаа орхиж халуут Вьетнам орныг зорьсон юм. Манай баг бүрэлдэхүүнд ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нар, Үйлдвэрлэл урлагийн политехник коллежийн багш гээд хүний төлөө, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө оюун бодол, сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс багтан аяны дөрөө харшуулсан нь ёстой л нүдээ олсон хэрэг байлаа. Хувь тавилангийн эрхээр хөгжлийн бэрхшээлд нэрвэгдэж, алагтай цоогтой амьдралын нугачаанд арга эрэл мухардан буй нэгэндээ тус дэм болох нь хүний ёсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ чиглэсэн бодлого хэрэгжүүлж, хүнээ анхаарлын төвд тавьж ажиллах нь хүмүүнлэг нийгэм байгуулахын эх үндэс. Холын Вьетнамд хөл тавихын учир утга ч чухам энэ л байлаа. Дутуугаа бусдаас суралцах, илүүгээ бусадтай хуваалцахын ухаан чухам үүнд л оршмуу.  
 
Хүний хуучин нь дээлийн шинэ нь
 
Агаарт таван цаг орчим ниссэний эцэст Ханой хотын Хо Чи Миний нисэх буудалд биднийг газардахад бүгчим чийглэг халуун агаар цээж дарах шиг угтан авлаа. Нисэх буудлын зорчигч угтах хэсгийн үүднээ нүдэнд дулаахан нэгэн буурал эрхэм “...За та нар минь сайн явцгааж ирэв үү?” хэмээн бидэнтэй дотночлон мэндэлсэн нь Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор С.Дашцэвэл, тус нийгэмлэгийн зохицуулагч ажилтай гэргий  Ж.Цэцэгсүрэнгийн хамт угтсан нь тэр байв. Вьетнам оронд анхлан хөл тавьж буй миний хувьд бүхий л зүйл сонин содон. Нисэх буудлаас хотын төв орох замд Дашаа ах Вьетнам орны байр байдал, үсрэнгүй дэвшлийн талаар ёстой л үзүүлэнтэй яриаг өрнүүлж явлаа. Америк Вьетнамын хооронд дайн дажин өрнөсөн түгшүүрт жилүүдэд тус улсад эх орноо төлөөлөн сууж, үймээн самуун өлсгөлөн гуйланчлал нүүрлэсэн хүнд он жилүүдээс өнөөгийн амар амгалан тогтож, ахиц дэвшил авчирсан бүхий л цаг үеийг нүдээр үзэж биеэр туулсан буурал дипломатчийн амнаас унах үг бүр алт шиг үнэтэй байх нь аргагүй. Монгол Вьетнам хоёр орон түүх соёлын өнө эртний хэлхээ холбоотой агаад Хубилай хааны үеэс чамгүй сайн харилцаатай байсан талаар түүхэн баримтыг эш татан дурсч байв. Басхүү 1300-аад оны үед тус улсыг эрхшээн довтлох үед эх орноо монголчуудаас хамгаалан баатарлаг тулалдсан генералдаа зориулан босгосон чулуун суврага Ханай хотын төв дэх нуурын гол дунд буй талаар ч сонирхуулсан юм. Хоёр орны хооронд 1954.11.17-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх онд 65 жилийн ой нь тохиох аж.  Нэгэн жаран илүү түүхтэй энэ харилцааны түүхийг цухас сөхвөл манай талаас Ю.Цэдэнбал даргаас авахуулаад П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын Ерөнхийлөгч тус улсад айлчилж байсан бол тус улсын тусгаар тогтнолын амьд домог болох Хо Чи Мин Ерөнхийлөгч 1955 онд Монголд айлчилж байсан түүхтэй ажээ. Хуучин нийгмийн үед, хоёр орон социалист гэр бүлд багтаж асан 1956-1990 онд Монгол Улсын Засгийн газар Вьетнамын ард түмэнд нийтдээ 200 сая гаруй төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байсан байх юм. Ганцхан жишээ дурдахад 1959 онд бэлэг болгон өгөхөөр тогтсон 100 мянган толгой малаас 15 мянгыг нь малаар өгч, үлдсэн 85 мянган толгой малын оронд 1,5 сая ам.долларын тусламж үзүүлсэн гэх. Учир нь Вьетнамд аваачсан хонинууд тус улсын цаг агаарын халуун чийглэг байдалд зохицон амьдарч чадахгүй үс ноос нь халцран унаж, өвс ногоонд нь идээшихгүй турж эцэн хорогдож байжээ. Ямартаа л тусламжийн хонийг идээшүүлж чадаагүйдээ сандарсан Вьетнам нөхөд манай Элчин сайдын яамныханд байсхийгээд л монголын хонин сүргээс шөлний юм дөхүүлж, тэрүүхэндээ хөгтэй л юм болдог байж. Монгол хонь халуун орны нөхцөлд зохицохгүй энэ байдалд дүгнэлт хийсэн манайхан хониор өгөх тусламжаа валют болгож, түүгээр нь Вьетнамын тал Пакистан Улсаас мах, сүүний “Сингх” үржлийн 200 үхэр /750 мянган ам.доллараар/, худалдан авсан нь өнөөдөр өсч үржээд чамгүй олон тоотой болж ашиг шимээ өгч байгаа гэнэ билээ. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” гэдэг. Хожим Вьетнамын Засгийн газар манай улсыг картын бараанд байх шилжилтийн тэр он жилүүдэд Монгол Улсын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 мянган ам.доллар, ой хээрийн түймрийн хор хохирлыг арилгахад зориулж 15 мянган ам.долларын тусламж үзүүлж байж. Басхүү 2001 онд манай оронд нүүрэлсэн зудын гамшгийг даван туулахад зориулж 2000 тн цагаан будааны тусламж өгч байсан бол 2004 онд залуу үеийнхний оюуны санд хөрөнгө оруулалт хийж 300 ширхэг компьютер, 2010 онд Вьетнамын Засгийн газар 1000 тонн цагаан будаа, 300 мянган ам.долларын түргэн тусламжийн автомашинуудыг Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгосон байх юм. Бид л ардчиллын давалгаанд хуучин андаа түр мартасхийж, алгасаж Америк, Европ гэж хөөрцөглөх болсноос биш АСЕАН-ы орнуудад гарах гол гарц болсон Вьетнам орон өнөөдөр хөгжлөөрөө биднийг хол орхих тийшээ явж буйг анзаарууштай. Уламжлалт найрсаг харилцааныхаа түүдэг галд төр засаг маань жаахан цучил нэмээд өгвөл хамтын хөгжилд хүч нэмэх ирээдүй тэндээс гэрэлтэн буй нь мэдрэгдэнэ.
 
Эх орны тасархай Элчингийн хашаанд буй
 
Вьетнамд хөл тавьсаны маргаадар бидний нөхөд БНСВУ дахь ЭСЯ-ыг зорив. Ханой хотын төвөөс холгүйхэн тэнгэр баганадсан өндөр барилгуудын дэргэд Африкийн зарим улсын ЭСЯ-дтай хаяа дэрлэн байрлах ЭСЯ-ныхаа гадаа хүрэлцэн ирэхэд Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир угтан авч Элчин сайд Д.Билэгдорж дотор хүлээн буйг дуулгалаа. Элчин сайд маань ч элэгсэг дотноор угтан авч Вьетнам орны тухай дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өглөө.  Өнөөгийн Вьетнам улсын ам бүл хэдийнэ 93 саяд хүрчээ. Эдийн засгийн эргэлт нь 450 тэрбум ам доллар гээд бодохоор бас л үсрэнгүй хөгжиж буй орон аж. Зөвхөн сүүлийн арван жилд тус улсад 334 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс энэ оны эхний 10 сард 60 гаруй тэрбум ам долларын хөрөнгө оруулалт орж ирсэн талаар манай Элчин сайдын яамныхан бяцхан атаархангуй ярьж байсан. Энэ хэрээр валютын нөөц нь ч арвидаж 64 тэрбум ам доллар болсон гэх. Тус улсын эдийн засгийн дундаж өсөлт сүүлийн арван жил тогтмол 7,9 хувь хүрч, жигд хурдацтайгаар жинтэй хөгжиж буй аж. Дэд бүтэц, тэр дундаа зам тээврийн салбарын өсөлт 9-өөс 10 хувийн өсөлттэй гарах болжээ. “Нэг бүс-Хоёр зам” гэсэн үзэл баримтлал бүхий тус улс хойд хөрш болох Хятадаас багагүй жийрхдэг. Үүнд ч тодорхой учир шалтгаан бий. Манай эриний 1-ээс 10-р зууныг хүртэл бүхэл бүтэн мянган жил Хятадад дарлуулсан улс тэдэнд яаж ч таатай хандах билээ. Гэхдээ тэд уусалгүй хэл соёлоо тэр чигээр нь хадгалж, авч үлдэж чадсанаараа бахархдаг. Басхүү аль болох Хятадаас юу ч авахгүй байхыг, тэднээс хараат бус хөгжихийг эрмэлздэг гэлтэй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын дийлэнхийг Солонгос, Япон, Сингапур зэрэг улс эзэлдэг байна. Цагаан будаа, кофены үйлдвэрлэл экспортоор дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг, валют олох гол эх булаг нь ч гэж үзэж болно. Ханой хотыг дээр үед Оросуудын барьж өгсөн ганц том Усан цахилгаан станц эрчим хүчээр хангадаг бол далай дахь нефтийн цооногууд нь улсын төсөвт нь ихээхэн орлого оруулдаг байна. Сүүлийн жилүүдэд энэ улсад автомашин үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж Mersedes Benz автомашинаас бусад бараг бүх машины үйлдвэр байгуулагджээ. Ажиллах хүчин хямд, өртөг зардал бага, дээр нь хөрөнгө оруулалтын орчны таатай нөхцөл байдал нь мэдээж үүнд нөлөөлсөн. Дэлхийг байлдан дагуулж буй Samsung брэндийн гар утас, электрон барааны үйлдвэрээс авахуулаад нэртэй брэндүүдийн хувцас үйлдвэрлэлийн салбар ч энд эрчимтэй хөгжиж буй нь анзаарагдана. Элчин сайдын яамны дэргэдэх жаран долоон давхар орон сууцны хорооллыг ердөө жил гаруй хугацаанд барьж босгосон талаар ч сонирхуулсан. Басхүү сүүлийн үед манай улсад вьетнам хэлтэй залуус ховордож буйд харамсаж явдгаа ч дуулгана лээ. Хэдийгээр Вьетнам улсын Засгийн газрын тэтгэлгээр жилдээ 10 гаруй оюутан тус улсад суралцдаг ч ихэнх нь цалин хөлс өндөрийг нь бодоод хувийн хэвшил рүү хулжиж оддог байна. Дээр нь ЭСЯ маань ердөө дөрөвхөн хүний орон тоотой. Ийм байхад дээрээ гадаад харилцааг эдийн засагжуулна гэж мянга яриад хүссэн үр дүнд хүрэхэд хэцүү. Уул нь АСЕАН-ы орнууддаа тэргүүлэх байр суурьтай Вьетнам улстай эдийн засгийн харилцаагаа өргөтгөх нь маш чухал. Хоёр орны худалдааны эргэлт дөнгөж 76 сая ам доллар байгаа нь чамлалттай үзүүлэлт. Энэ бүхнийг дээшлүүлэхийн тулд ЭСЯ-ныхан чадлаараа л зүтгэж байгаа бололтой. Нэн түрүүнд тээвэр, гааль, мэргэжлийн хяналтын харилцааг хөнгөвчлөн сайжруулах тал дээр анхаарах нь чухал гэдгийг онцолж байсан. Вьетнам гэхээр л Улаанбаатарт байх авто машин засварын газраар төсөөлдөг ужиг сэтгэлгээгээ халж, бизнесийн шинэ гарц, эдийн засгийн шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх цаг болжээ гэсэн бодолтойгоор эх орны тасархай болсон ЭСЯ-ныхаа хашаанаас гарав. Түүний тулд гадаад улс орнуудад байх Элчин Сайдын Яамдынхаа хүн хүч, орон тоог нэмэх, бас улс төр дипломатын төдийгүй эдийн засгийн гүүрийн үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд нь илүү анхаарал хандуулах нь чухал мэт санагдана.
Загас өгөх биш барих аргыг нь заадаг
 
Азийн бүс нутагтаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд жирийн иргэдийн адил амьдрах, боломжийг сайн хангасан орны тоонд Бүгд найрамдах социалист Вьетнам улс ордог Тийм ч болохоор Бидний ажлын үндсэн зорилго БНСВУ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд яаж анхаардаг талаар туршлага судлах явдал байсан талаар дээр би өгүүлсэн. Энэ дагуу тус улсын Хөдөлмөр, хүүхэд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн яамны орлогч сайдтай уулзлаа. Тус яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтэс бүр 1946 онд байгуулагдсан бөгөөд 1998 онд 25 зүйл бүхий Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуультай болжээ. Тус хуульд “захиргааны болон бизнесийн бус байгууллага нь сул чөлөөтэй ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахаас татгалзах ёсгүй” талаар хуульчилсан байдаг нь эрхгүй анхаарал татав. Тус улсын хүн амын 9,7 хувь буюу 8 сая гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдгээрийн 2 сая гаруйд нь сар бүр 500 мянган доны тэтгэмж өгнө. Энэ нь монгол төгрөгөөр бол 50 орчим мянган төгрөгтэй дүйх ажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 5 сая гаруй нь 60-аас дээш насныхан байгаа нь 30 гаруй жил үргэлжилсэн дайны ул мөрөөс үүдэлтэй. Тэсрэх бөмбөгт өртөж тахир дутуу болсон, хими бактерлогийн зэвсэгт хордон үе удмаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс маш их. Тийм учраас яамнаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан тусгай хороо, олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ бэлэн мөнгө, тэтгэвэр тэтгэмж өгөхөөс илүүтэйгээр тэдэнд ажил хөдөлмөр эрхлэх дадал олгож, ажлын байраар хангахыг илүүд эрмэлздэг гэлтэй. Энэ нь ч тэдэнд амьдралаа аваад явах чадварыг суулгаж, эрүүл хүнээс дутахгүй орлоготой, сэтгэл санааны хувьд ч бүрэн бүтэн байхад нь дэмтэй байдаг талаар ярьж байсан юм. Өөрөөр хэлбэл тэд бэлэн загас өгөхийг биш харин загас барих аргад сургахыг  илүү чухалчилдаг нь харагдлаа.
 
Хүүхэд л бол хүүхэд
Хаа газрын хүүхэд адилхан. Хүүхдийн хиргүй тунгалаг сэтгэл, чин сэтгэлийн инээмсэглэл, гэгээн цайлган зан, гэрэлт хүсэл мөрөөдөл дэлхийн хаана ч ялгал юун. Харин бурхан хүүхэд бүрт бүтэн бие, бүрэн оюун заяадаггүй нь гачлантай. Бид Ханой хотоос баруун тийш 2 цаг гаруй давхисны эцэст тус улсын 58 мужийн нэгд нь байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт сувиллын төвд ирсэн юм. Вьетнамд 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 1 сая 200 мянган хүүхэд байдаг бөгөөд тэдгээрийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, амьдрах чадвар, ажил хөдөлмөрт сургах олон ийм төв байдаг аж. Эдний нэг авууштай зүйл гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүртэй тулж ажиллах бөгөөд зарим хүүхэд энэ төвд байнга байрлаж амьдардаг бол нөгөө хэсэг нь эцэг эхээрээ өглөө хүргүүлж, орой гэртээ харьдаг гэнэ. Нэг танхимын шилэн гэгээвчээр шагайваас дотор нь дөрөв таван настай болов уу гэмээр бяцхан хүүд нэгэн багш хөдөлгөөн заслын дасгалыг уйгагүй заах нь үзэгдэнэ. Бас нэг танхимд мөн л нэгэн охинд зураг дүрс эвлүүлэхийг хичээнгүйлэн давтуулах аж. Нэг хүүхдэд нэг багш ийн хуваарилсан нь нөхөн сэргээхэд ч, мэдлэг дадал олгоход ч үр дүнтэй байдаг талаар танилцуулж байлаа. Мөн энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урласан оёмол бүтээгдэхүүн, цүнх тор, уран зураг, цэцэг навч, шилэн хийц, хүж зэргийг худалдаалах бөгөөд энэ төвөөр зочилсон бүхэн хэр таарсан орлого оруулдаг байна. Хамгийн гайхалтай нь тэр бүрийг хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд урласан гэхэд итгэмээргүй нарийн хийцтэй, чамин уртай байх аж.  Байр танхим, орчин нөхцлийн хувьд харин манайх хувь илүү санагдсан. Гагцхүү эдний хүүхэд нэг бүртэй тулж харьцдаг тэр арга барилыг нэвтрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах нь илүү чухал юмаа гэсэн бодол төрснийг нуух юун. Хөөрхий хүүхдүүд биднийг гараараа далласаар инээмсэглэн үдлээ. Хаа газрын хэний ч үр өхөөрдөм, бас өрөвдөм болохыг зүрхэндээ мэдрэн буцацгаасан.
 
Нүдээ олсон бодлогын олз
 
Вьетнам улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүнд, хөнгөн, дунд гэж хөгжлийн бэрхшээлийнх нь түвшингээр 3 ангилдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авбал татвараас шууд хөнгөлөх буюу чөлөөлнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд албан тасалгаа, өрхийн үйлдвэрлэл, мэдээллийн салбарт түлхүү ажилладаг байна. Үүний зэрэгцээ хувь хүмүүсийн үүсгэл санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урланг аялал жуулчлалын бүс нутаг руу чиглэсэн хурдны замуудын дагуу байгуулсан нь гайхалтай үр дүнг авчирчээ. Бид Ханай хотоос зүүн тийш 100 гаруй км-т байх нэгэн ийм төвөөр орсон юм. Энэ төвд чулуун баримал, хөшөө дурсгал, гоёл чимэглэлийн зүйлсээс өгсүүлээд   уран зураг, хатгамал, хивс хивсэнцэр гээд хараа булааж сэтгэл татам урлагийн бүтээл түм бумаараа. Энэ төвийг байгуулсан хүн Вьетнамын Хөдөлмөрийн баатар болсон бөгөөд оюуны бэрхшээлтэй л биш бол бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө нээлттэй гэнэ. Улсаас энэ төвийг байгуулахад нь аялал жуулчлалын зам дагуу үнэгүй газар олгосон бөгөөд олсон орлогоос нь элдэв татвар хураамж огт авдаггүй байна. Тийм болохоор эндэхийн ажиллагсад энгийн хүн шиг боломжийн өндөр цалин хөлс авч, бас үйлдвэрийнхээ дэргэд байх ажилчдын орон сууцанд үнэ төлбөргүй байрлан, зарим нь бүр хоорондоо гэр бүл болон амьдарч байгаа гэнэ. Гурван сая 300 мянган хүн амтай манай улсын хувьд 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ нэгээхэн хэсгийн амьдрал ахуйг ийм жишгээр өөд нь татаж болмоор л санагдсан. Цонжинболдог, Хөвсгөл нуур, Хархорин, говь гээд гадны жуулчдын очих дуртай зам хөлийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэл эрхлэх хэд хэдэн ийм төв байгуулж, жуулчдын шунал хөдөлгөсөн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх дадал чадварт сургачихвал олон хүний амьдрал сэвхийгээд босоод ирэх боломж байж л байх шиг. Басхүү хот тохижилт, төрийн болон төсвийн худалдан авалтад эн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бараа бүтээгдэхүүнийг сонгодог асуудлыг хуульчилбал төрөөс бэлэн тэтгэмж шаардахаас илүү өөрсдөө өөрсөддөө боломж бий болгох мундаг хүмүүс мундахгүй олон байж л байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг ч эрүүл гэх бидний заримаас ч илүү ажилч хичээнгүй, зорилго тэмүүлэлтэй, авъяас чадвартай хүмүүс олон байгааг анзаарч дэмжвэл болмоор л санагдлаа. Юутай ч бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай болсон. Өөрөөр хэлбэл тэднийгээ харах эзэн, хамгаалах байгууллагатай болсон. Одоо харин тэдэнд хандах арга зүйгээ жаахан өөрчлөөд, бусдын сайн туршлагыг буулгаж нутагшуулаад, өөрсдийнхөө өмнө олсон ололттой өөриймшүүлж нийлүүлээд явбал ирээдүй гэрэлтэй л байна. 2016 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиа амьдрал дээр бүрэн хэрэгжүүлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бараг тэн хагас нь ядуу зүдүү амьдарч, бичиг үсэг мэдэхгүй зүдэж буй бэрхшээл саадыг халахад, ердөө 28 хувь нь хөдөлмөр эрхэлж буй өнөөгийн байдлыг сайжруулахад хийх зүйл их байна. Нэгэн тэнгэрийн дор ийм л бодол тээсээр нисч ирлээ Монголдоо. 
 
И.БУЯНЖАРГАЛ
Нэгэн Тэнгэрийн дор
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0