Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч байгаад зодолдсон хэргээр шалгагдаж байна
5 жил өмнө   933
Хууль сахиулан биелүүлэх үүрэгтэй, ёсзүйн зарчмыг нэн түрүүнд урдаа барин ажиллах ёстой цагдаагийн хурандаа нар зодоон цохионы хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 
 
Тодруулбал, энэ сарын 12-13-ныг шилжих шөнө буюу өнгөрсөн бямбаас ням гарагт шилжих шөнийн 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зодоон болоод байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид Баянмонгол хороололд очсон байна. Гэтэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон аж. 
 
Улмаар нэгнийхээ тархи толгойг гэмтээсэн асуудал гарчээ. Гэхдээ гэмтлийн зэрэг харьцангүй гайгүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Хэргийг өдгөө БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тэд хувийн шинжтэй маргаанаас болж ийнхүү хоорондоо зодолдсон байна. 
 
Цагдаагийн удирдлагуудын зүгээс уг хэргийг ихэд нууцалж, чимээгүйхэн шалгаж дуусахыг хүсч байгаа гэнэ. Мөн албан хаагчидтай холбоотой хэрэг тул ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгах ёстой ч архи дарс, зодоон цохионы шинжтэй тул харъяаллын дагуух цагдаагийн хэлтэс нь шалгаж байгаа юм байна. 
 
ЦЕГ-ын удирдлагууд энэ жилийг "Сахилга хариуцлагын жил" болгон ажиллаж байгаа. Гэвч энгийн нэг албан хаагчид ч биш өндөр цолтой хурандаа нар нь ийнхүү хоорондоо зодолдож, шалгагдаж байгаа нь нэлээн асуудал дагуулж байгаа гэнэ.
 
Угтаа бол албан хаагчидтай холбоотой сахилгын зөрчил гарсан бол хэргийг шалгаж, ямар хариуцлага шийтгэл ногдуулсанаа ил тод мэдээлэх ёстой байтал ийнхүү хав дарж, чимээгүй өнгөрөөхөөр цагдаагийнхан хичээж байгаа бололтой. 
 
Асуудалд холбогдсон хурандаа Н.Ариунбат нь өмнө БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэвч албан хаагчтайгаа архи ууж байгаад зодоон хийсэн хэмээн шийтгүүлэн албан тушаал өөрчлөгдөж байжээ. 
 
Харин дэд хурандаа н.Отгонжаргал нь СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын тасгийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. 
 
А.ЦЭЛМЭН
Цагдаагийн хурандаа нар архидан согтуурч байгаад зодолдсон хэргээр шалгагдаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0