Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Энэтхэгээс Монголд дайх албан бус санал
5 жил өмнө   433
Жилийн энэ үед Энэтхэг оронд харьцангуй сэрүүн улирал үргэлжилдэг ч ирэх зун болох парламентын сонгуулийн сурталчилгаа Мумбай, Дели зэрэг хотын гудамж талбайгаар дүүрч, улс төрийн хувьд халуун үе  тохиож байна. Дэлхийн бүх ардчилсан улсын хүн амыг нийлүүлснээс ч олон хүн төлөөллийн ардчиллын зарчмаар эрх баригчдаа сонгох энэ сонгуульд хамгийн багадаа 900 сая хүн санал өгөх урьдчилсан тооцоо гарчээ. Өнгөрсөн 2014 онд болсон тус улсын парламентын сонгуулиар 800 гаруй сая хүн сар гаруйн турш санал өгсөн гэдэг тоо баримт бий. Сонгуулийн аварга “шуурга”-ны хажуугаар хөрш Пакистантай хийж буй хилийн мөргөлдөөнөөс үүдэн үзвэр үйлчилгээний газруудаас эхлээд сая сая энэтхэгчүүдийн амьдрал өрнөх гудамж талбайд хуягт техник, автомат буу мөрлөсөн цэргүүд хамгаалалтад хүч нэмэгдүүлэх болж. Ийм эдрээтэй үед Энэтхэгийн Гадаад харилцааны сайдын урилгаар Монголын хэсэг сэтгүүлч тус улсад зочилж, дэлхийн хамгийн том ардчилсан орон, мөн дэлхийн гурав дахь том эдийн засгийн алдаа оноотой танилцлаа.
 
 
Хөрөнгийн бирж Болливүүдээс дутахааргүй бахархал болсон нь
 
Арабын тэнгисийн зүүн эрэгт орших Мум­бай хот дэлхийд кино үйлдвэр­лэлээ­рээ тэргүүлдэг Болливүүдээс гадна банк санхүү, эдийн засгийн төвлөрөл гэдгээрээ энэтхэгчүүдийн бахархал болон хөгжиж байна. Мумбай хотын хуучин нэр Бомбай байсан учраас кино урлагийн төв нь  Болливүүд хэмээн алдаршчээ. Жилдээ 1000 гаруй кино бүтээл төрдөг гэх бидний ойлголтыг “Магадгүй түүнээс ч олон байх аа” гэдэг барагцаалсан хөтчийн тайлбар залруулж өгнө. Энэ нь Холливүүдын кино үйлдвэрлэлийн хэмжээнээс гурав дахин их үзүүлэлт бө­гөөд Хятад, АНУ-ын дараа орох дэлхийн телевизийн гу­рав дахь том зах зээлтэй улс. 
 
 
Ерөөсөө л тоогоо алдах хэмжээний дэлгэцийн бүтээл тэнд төрж байна. Тиймээс л тэмдэглэлийнхээ эхэнд кино үйлдвэрлэл хэмээн то­дот­госон юм. Өнөөдөр зураг авалтаа хийсэн теле­ви­зийн сериалийн дугаар анги гурван өдрийн дараа телевизээр цацагдах жишээ­ний. Кино компаниуд нь төслийнхөө төсвийг батлаад түүндээ зориулсан зохиол бичиж, зураг авалтаа шууруулдаг аж. Хөрсийг нь Энэтхэгийн төр бодлогоороо бэлдээд өгчихсөн. Засгийн газар болон Махараштра мужийн захиргаанаас дэмжлэг үзүүлэн Мумбайн төвд жижиг хотын хэмжээний газар гарган өгч, Энэтхэгтээ хамгийн томд тооцогдох “Film city”-г аль 1977 онд байгуулж өгсөн байна. Төрийн мэдлийн энэхүү киноны хот Мумбай хотоор аялсан жуулчдын заавал зочилдог газар болж, давхар аялал жуулчлалаа дэмжсэн. Тэнд зочилсноор Болливүүдийн зураг авалтын орчинд шууд нэвтэрч болно. Болливүүд төдийгүй Холливүүдийн олон кино зураг авалт хийгддэг энэ “Film city”-гийнхэн Монголын кино урлагийн салбарынхантай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг уламжилсан юм.  Болливүүдийн зах зээлийн хувьд нэг сайн киноноос олох ашгийг ерөөсөө л 1-5 тэрбум рупигээр хэмжинэ хэмээн тайлбарлах юм. Манайхаар бол нэг киноны орлого хамгийн багадаа 40 тэрбум төгрөг гэж бодохоор Болливүүдэд ямар хэмжээний мөнгө эргэлдэж байгаа нь ойлгогдоно. Харин кино театруудаар зарагдаж буй тасалбар тоглосон жүжигчид болоод чанараасаа хамаараад 100-500 рупи буюу монгол төгрөгөөр 4000-20000 төгрөгийн үнэтэй байдаг. Дэлгэцэнд гарсан даруйд тэрбум гаруй үзэгч хүлээж байдаг болохоор нэг киноны орлого олон тэрбумаар хэмжигдэхээс өөр аргагүй юм даа.  
 
 
Яг үүнтэй адилтгаж болохоор Мумбайн бас нэг бахархал нь банк санхүү, эдийн засгийн байгууллагуудын төвлөрөл. Мумбайд дэлхийн шилдэг 20 хөрөнгийн биржийн хоёрынх төв үйл ажиллагаагаа явуулж байна. Энэтхэгчүүдийн онцлон танилцуулснаар Үндэсний хөрөнгийн бирж буюу National stock exchange of India (NSE) нь тус улсын чөлөөт эдийн засгийн чиг баримжааны бахархал болоод буй юм байна. Бүгд Найрамдах Энэтхэг Улс 1990 оныг хүртэл төр, хувийн өмч хосолсон холимог эдийн засагтай байсан бол 1991 оноос илүү либерал бодлого баримтлах болсноор эдийн засаг нь 5-6.9 хувийн өсөлт үзүүлэх болжээ. Хамгийн сүүлд 2014 оны парламентын сонгуульд одоогийн эрх баригч Энэтхэгийн үндэсний нам буюу БЖП ялалт байгуулж, улсынхаа ерөнхий сайдаар томилогдсон Нарендра Моди эдийн засгаа тэлэх олон арга хэмжээ авсан байна. Тэр дундаа хөрөнгийн зах зээлд илүү нээлттэй бодлого баримталсан нь үндэснийхээ хөрөнгийн зах зээлийн хөгжилд дорвитой ахиц авчиржээ. Биднийг уриалагхан угтсан NSE Монголын хөрөнгийн биржтэй бараг л нас чацуу юм. Анх 1991 оны өөрчлөлтийн дараа байгуулагдсан бөгөөд 1994 оноос эхлэн Энэтхэгтээ анхны цахим, нээлттэй тогтолцоог нэвтрүүлсэн нь зах зээлийн нийт үнэлгээ 2.27 их наяд ам.доллар давсан амжилт үзүүлэхэд нөлөөлсөн гэдгийг тус биржийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах менежер Кумар Картикэй онцлон тэмдэглэж байна лээ. Тэрбээр биржийнхээ тогтолцоог “Энэтхэг маяг”-ийн хэмээн тодотгох далимдаа, мэдээллийн ил тод байдал бүрэн хангагдсан, бүтээгдэхүүний эрсдэлийн менежмэнтийг үнэлдэг зэргээр дэлхийд тэргүүлэх биржүүдийн ололт амжилтуудыг дурдсан нь Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн томоохон ордуудаа түшиглэн олон улсын томоохон биржүүдээс хөрөнгө босгох саналаа танилцуулаад байгаатай холбоотой болов уу. Тухайлбал, хөрөнгө оруулалтын судалгаа нь эрчтэй яваа, 6.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн IPO Энэтхэгийн Үндэсний хөрөнгийн биржийнхний сонирхлыг татаж буй биз. Тус биржээр зах зээлд оролцогчдын тоо 20 гаруй саяар хэмжигдэх бөгөөд үүний 15 хувь гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг байна. Иймээс л Энэтхэгийн хөрөнгийн биржүүд  бүртгэлтэй компанийнхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ хөрөнгийн зах зээлийнх нь ДНБ-дээ эзлэх хувь харьцангуй бага. Ердөө дөрвөн хувь нь Энэтхэгийн хөрөнгийн биржээс гаралтай гэх тооцоо байдаг аж. Биржийн засаглалын хувьд Засгийн газар нь нэг ч хувь эзэмшдэггүй. Өөрөөр хэлбэл, төр гар дүрдэггүй. Харин арилжааны банкууд, хөрөнгө оруулалтын сангууд болон даатгалын компаниуд хувь нийлүүлэн байгуулсан тогтолцоотой учраас Засгийн газрын бодлого шийдвэрээс шалтгаалан ганхдаггүй аж. Тиймээс улсынхаа бусад компаниудын адил татвар хураамжаа төлж, нийгмийн хариуцлагаа үүрдэг байна. Энэтхэгийн хуулиар аливаа компанийн сүүлийн гурван жилд олсон орлогоо дундаж авч үзээд, хоёр хувийг нь олон нийтийн сайн сайхны төлөө зарцуулах үүрэг хүлээжээ. Энэтхэгийн хөдөө орон нутагт эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу. Үүнийг дан ганц Засгийн газрынхаа нуруун дээр үүрүүлэх нь хэт хүнд ачаа учраас NSE-гийнхэн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, гамшигт өртсөн газар нутгуудад сэргээн босголт хийх зэргээр нийгэм хариуцлагаа үүрдэг байна.     Дээр дурдсанчлан хоёр их наяд ам.долларын хөрөнгийн урсгалыг удирдаж буй компанийн хувьд улсынхаа есөн мужид нийтэд чиглэсэн 36 төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь энэтхэгчүүдийн хүндэтгэлийг хүлээх шалтгаан болжээ. 
 
Алтны дундрашгүй эрэлттэй Энэтхэгийн зах зээл Монголын ховор металлыг сонирхож байна 
 
Дэлхийн дээр байгаа нийт алтны 10-15 хувь нь үзэсгэлэнт энэтхэг бүсгүйчүүдийн гар, хөл, чих, хамар, аманд гоёл хэлбэрээр хадгалагдаж байдаг гэвэл та итгэх үү. Тэгвэл энэтхэгчүүд алтанд ингэж ач холбогдол өгдөг ард түмэн гэдэг нь нүдэнд илхэн. Эрчүүд нь ч элдэв шигтгээтэй бөгжөөр гангарахаас татгалздаггүй аж. Энэтхэгийн санхүүгийн төв Мумбай болон албан ёсны нийслэл Шинэ Дели хотын гудамжаар алхахад худалдаачид нь голдуу эрэгтэй байх юм. Буудал, рестораны ажилтнууд ч мөн эрэгтэйчүүд. Тэдний гарнаас хинди эрчүүд алтаар урласан хуруун чимэглэлд ямар ач холбогдол өгдгийг анзаарчихаж болно. Бас энэтхэгчүүдийн алтны хэрэглээ нийгмийн системтэй нь холбоотой. Энэхэгт нийгмийн давхраажилт буюу кастын систем өнөө хэр байсаар байгаа. Энэ системийн дагуу дундаас дээгүүр зиндааны айл дор хаяж 40 килограмм алтны нөөцтэй байх шаардлагатай гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, багадаа хоёр сая ам.долларын хөрөнгөтэй байвал дундаас дээш зиндаа айл байна гэж ойлгож болно. Эдгээрээс Энэтхэгийн алтны зах зээлийн эрэлтийг энгийнээр тодорхойлчихож ч болох юм.  Энэтхэг Улс өөрийн газар доорх алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг ч энэ өндөр эрэлтээ хангахын тулд гадаадаас алт худалдаж авдаг байна. Монгол Улсын хувьд алтны арвин нөөцтэй гэдэг утгаараа энэ чиглэлд хамтран ажиллах нөөц бололцоо хангалттай бий гэнэ. Үүнээс гадна импортоор нүүрс, газрын ховор металл авах сонирхолтой байгаа гэдэг нь тус улсын Уул уурхайн яаманд зочлох үеэр мэдрэгдсэн. Бүр тодорхой илэрхийлсэн байр суурь нь гэвэл, газрын ховор элемент олборлох чиглэлээр Монгол, Энэтхэгийн хамтарсан компани байгуулах боломжтой гэдгийг хэлж байсан. Энэтхэгийн талаас цахилгаан автомашины цахилгаан хураагуур, ухаалаг дэлгэц зэрэг өндөр технологийн гол түүхий эд болоод литийг манайд хоёр улсын тэнцүү оролцоотой хамтарсан компани байгуулах замаар импортлох сонирхолтой байгаа аж. Дэлхий нийт литийг байгаль орчинд ээлтэй “green technology” тал руугаа хөгжинө гэж харах болсон. Тухайлбал, Монгол Улсад нэн шаардлагатай байгаа сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах технологийг энэтхэгчүүдтэй хамтран эх орондоо нутагшуулах боломж харагдаж байгаа юм.
 
 
 
Дэлхийн долоон хүн тутмын нэг нь энэтхэг хүн байдаг бөгөөд түүнийхээ хэрээр шийдвэрлэх олон асуудал тулгарч байгаа нь дийлэнх иргэдийнх нь амьдралын хэвшлээс анзаарагдана. Энэ утгаараа Энэтхэгт хамгийн тулгамдаж буй асуудал бол ядуурал. Дэлхийн банкны тайланд дурдсанаар тус улсын 170 гаруй сая иргэн ядуурлын шугамаас доош амьжиргаагаар амьдардаг байна. Гэхдээ ядуу иргэдээсээ дутахгүй олон чинээлэг иргэдтэй гэдгийг ч дурдах нь зөв байх. Ямартай ч дэлхий дээр одоо байгаа улсуудаас хамгийн хурдацтай хөгжих потенциалтай орон гэдэг нь Мумбайн төвд хэдэн арваараа сүндэрлэж буй тэнгэр баганадсан барилгууд болон хотынхоо нэг зах нөгөөтэй нь холбох метрон зам, 2020 онд ашиглалтад орох гүүрэн хурдны замуудаас харагдана. Нийслэл Шинэ Делид ч ялгаагүй дээр дурдсан дэд бүтцийн аварга төслүүд нэгэн зэрэг хэрэгжиж эхэлжээ. Мумбай, Дели хот аль аль нь 20 гаруй сая хүнтэй учраас замын түгжрэлийн асуудал нэн тулгамдаад байгаа аж. Энэ мэтээр дэлхийн хамгийн том ардчилсан оронд тулгамдаж буй асуудал олон ч шийдвэрлэх алхмуудыг ээлж дараалан хийж байна. Энэтхэгчүүдийн өөрсдийн хөгжлөө “Заан”-тай зүйрлэх бөгөөд энэхүү аварга амьтны адилаар удаан алгуурхан мөртлөө том алхаж урагшилна, түүнийхээ хэрээр хэр баргийн бэрхшээлд ухарч алхахгүй гэдэг хэтийн амбийцтай ард түмэн юм.
 
Д.Дорж
Энэтхэгээс Монголд дайх албан бус санал
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0