“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд өнөөдөр 10.00 цагт Монголбанканд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад:
Татан буулгаж байгаа нийт хадгаламж эзэмшигчдийн /20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй/ нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх
Чанаргүй зээлдэгчдийн нэр болон зээлийн хэмжээ, төлөх хугацаа, барьцаа хөрөнгүүдийн талаар мэдээлэл өгөх
“Алтжин” худалдааны төвийн захирал Г.Алтан, Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банкинд маш их хэмжээний мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Түүнийгээ банк татан буух гэж байгаа сургаар жижиглэн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж болгон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн талаар мэдээлэл өгөх.
Монголбанк татаж бууж байгаа "Капитал" банкны үйл ажиллагаа нь 2015 оноос хойш доголдоод байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өгөх
“Капитал” банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс нийт актив, бүртгэлтэй хөрөнгүүдийн жагсаалт гаргаж өгөх гэх мэт шаардлага хүргүүлжээ.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг: “Банк дампууруулах хэмжээнд хүргэсэн зээлдэгчдийг Монголбанк зарлах ёстой. Мөн банкны 99.97 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн атлаа “Капитал” банк надад хамааралгүй гэсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаатай өнөөдөр уулзана. Өчигдөр “Капитал” банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай 60 орчим иргэн хохирогчдын холбоонд хандсан. Монголбанкнаас тус банкийг дампуурсан гэдгийг зарласан өдрөөс хойш хохирогчдын сэтгэл санаа маш хүнд хямралтай байна. Монголбанк арилжааны банкуудад хяналт тавих эрх бүхий байгууллага. 2015 оноос хойш “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож эхлэхэд ямар хяналт тавьж чиг үүрэг өгсөн талаар бид мэдэх хэрэгтэй байна. Дээрээс нь банкны чанаргүй зээл 80 хувьд хүрсэн гэлээ. Гэтэл арилжааны банкуудын чанаргүй зээл таван хувьд хүрэхэд улаан гэрэл асах хэмжээнд хүрсэн байдаг аж. Гэтэл 80 хувь хүртэл нь чимээгүй байсан Монголбанк ямар хариуцлага хүлээх вэ. Бидэнд хуйвалдаж, хавсарсан гэж харагдаад байна. “Капиал” банканд 20 сая дээш хадгаламжтай 800 гаруй хүн байна. Нийтдээ 42 тэрбум төгрөгт хүрнэ гэсэн тоо баримт байна. Цаашид 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжийнхаа мөнгийг ямар арга замаар гаргаж авах вэ гарц гаргалгааг мэдэж авмаар байна” гэлээ.
Хадгаламж эзэмшигч Д.Халзан: “Би энэ банканд 300 орчим сая төгрөгийн хадгаламжтай байсан. Би 2010 оноос Капитал банкинд хадгаламж нээлгэсэн. Насаараа хөдөлмөрлөж, багахан бизнес хийж цуглуулсан мөнгөө хөгшин бид хоёр энэ банкинд хадгалуулсан. Би хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд “Капитал”-д очиж хадгаламжийн хугацаагаа сунгуулаад, хүүгээ аваад гарсан. Тэр үе лавлахад “Манайд ямарч доголдол гараагүй, хэвийн ажиллаж байгаа” гэж хэлсэн. Тээвэр хөгжлийн банк татан буугдахад биднийг дуудаад “Банкны үйл ажиллагаа доголдсон. Та мөнгөө шилжүүлж авна уу” гэхээр нь хамгийн ойроор нь “Капитал” банк руу шилжүүлсэн. Гэтэл энэ банк ямар ч мэдээлэл өгөхгүй удаа дараа танай банкны үйл ажиллагаа доголдож байна гэхэд “Үгүй” гэж хариулаад л байсан. Хадгаламж дахь мөнгөө татах гэхээр “Манай банкны талаар гадуур худал мэдээлэл цацагдаад байна. Та мөнгөө татах шаардлага байхгүй” гээд мөнгө гаргаж өгдөггүй байсан. Гэтэл өнөөдөр хар л даа. Гэнэтхэн нэг л өдөр дампуурлыг нь зарлаж байна” гэлээ.
"Капитал" банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд Монголбанканд шаардлага хүргүүллээ |
|