ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-ЯЛ ЭДЭЛЖ БАЙГААД ОРГОСОН ЭТГЭЭД ХАМСААТНУУДТАЙГАА ХАР ТАМХИ ЗАРЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ-
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг болон энэ төрлийн бодисыг боловсруулан бусдад зардаг этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчиллаа. Уг этгээдүүдийг дайчлан баривчлах ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид оролцсон байна.
2018 оны гуравдугаар сарын 6-7-ны хооронд Баянзүрх дүүргийн 3 болон 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох “шавар”-ыг Европын холбооны улсаас илгээмжийн үйлчилгээ ашиглан хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, бусдад худалддаг Монгол Улсын иргэн Г, М, Б, Т, Б нарын 20-49 насны бүлэг этгээдийг дайчлан баривчилж шалгаж байна.
Мөн мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисыг түүж бэлтгэн өөр төрлийн бодис боловсруулан нийслэл хотод бусдад зарж борлуулдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, 35 настай, эрэгтэй Монгол Улсын иргэн Г-г энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч авсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авчээ.
Үүнээс гадна 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 зүйл ангиар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс оргон зайлсан ялтан Я болон түүний хамсаатан долоон этгээдэд холбогдох хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэднийг хар тамхи, мансууруулах бодис худалдаалж байсан үйлдэл дээр нь 2018.03.13-14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ICE буюу мөс, баруун европын улсаас оруулж ирсэн гашиш буюу шавар, экстази зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
2018 он гарснаас хойш Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар гэхэд энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ БУЦААН АВЧ ИРЭХ ТАЛААР ХОЛБОГДОХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УЛАМЖЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн Бүгд найрамдах Солонгос, Бүгд найрамдах Франц улс руу гаргасан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад, уг олдворуудыг Монгол Улсад буцаан авч ирэх талаар холбогдох төрийн байгууллагуудад /Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам/ уламжлан ажиллаж байна.
Тус хэлтсийн алба хаагчид “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг 2006 онд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Палентлогийн хүрээлэнтэй хамтран газар дээр нь очиж ажиллажээ. Палентлогийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар нарын ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНСУ болон Бүгд найрамдах Франц улсад очиж ажиллахдаа уг олдворууд нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэхтийн хөндий гэх газраас олдсон палентлогийн олдвор мөн болохыг тогтоосон байна. Мөн дээрх олдворыг Монгол Улсын иргэд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг тогтоожээ.
БНСУ-ын Сөүл хотын Дээд шүүхээс уг олдворыг Монгол Улсад буцаан олгох шийдвэрийг гаргасан бол Бүгд найрамдах Франц улсын Лион хотын Дээд шүүхээс Монгол Улсын зүгээс эсхүл хуулиар зөвшөөрөгдсөн эзэмшигч нь олдворыг буцаан авах хүсэлтээ гаргах боломжтой талаар албан бичгийг манай улсад ирүүлээд байгаа юм.
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ “БУУДАЖ АЛНА” ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
Завхан аймгийн Баянхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр /2018.03.13/ цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ.
Цагдаагийн алба хаагч Э нь 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ...ЗАН дугаартай портер маркийн автомашиныг шалган Баянхайрхан суманд тус сумын иргэн Б.А гэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлийг илрүүлжээ. Машиныг нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй найзад нь хүлээлгэн өгөөд, Б.А гэгчийг цагдаагийн хэсэг дээр авчраад ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Гэтэл тухайн өдрийн 23:00 цагийн орчимд Б.А цагдаагийн кобаны байранд галт зэвсэгтэй ирж, цагдаагийн алба хаагчийг “чамайг буудаж ална” гэж сүрдүүлжээ. Энэ үед цагдаагийн ахлагч Э нь мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, бууны замаг болон бууг салгаж, гарыг нь гавлаад аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдээлэл өгсөн байна.
Мэдээллийн дагуу Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж ажиллан ОХУ-д үйлдвэрлэгдсэн “Тоз-8-01” маркийн буу, сумыг хураан авч, Б.А гэгчийг уг үйлдэлд холбогдуулан шалгаж байна. Б.А нь “Цагдаагийн алба хаагч намайг согтуурсан үедээ жолоо барьсан гэж саатуулсан” гэх шалтгаанаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг үйлдлийг хийсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.
-МЕССЭЖ ЗАРААР ТАНИЛЦСАН БҮСГҮЙЧҮҮДЭЭ ДАРАМТАЛЖ, ЁС БУСААР БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРЖ, ДЭЭРЭМДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ-
2018 оны нэгдүгээр сараас хойш мессэж зарын дагуу биеэ үнэлэгч охид эмэгтэйчүүдийг үл таних хоёр этгээд хуурч мэхлэх замаар дарамталж, ёс бусаар бэлгийн харьцаанд ордог, эд зүйлийг нь дээрэмддэг, айлган сүрдүүлдэг хэргүүд бүртгэгдсэн байна. Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэрэг дээр шуурхай ажиллахад одоогийн байдлаар таван хэрэгт долоон хохирогч тогтоогдоод байна. Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд 1989 онд төрсөн А,Ч гэгч бөгөөд эрүүгийн хэрэгт удаа дараа холбогдож, дээрэмдэх, хүчиндэх, хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээ аван цагдан хорьж шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Тиймээс мессэж зарын дагуу очиж бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн, хүчиндүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн байвал Эрүүгийн цагдаагийн албанд хандахыг цагдаагийн байгууллагаас хүсч байна.
Цагдаагийн алба хаагчийг “буудаж ална” гэж заналхийлсэн хэрэг гарчээ. |
|