УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж “Итгэлийн зээл”-ийг өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгч, бага орлоготой иргэнд барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй олгох нь зөв гэсэн улс төрийн шийдвэр гаргасан.
Тодруулбал, “Итгэлийн зээл”-ийг Монгол Улсын 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес төлөвлөгөөтэй, санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан иргэн бүр авах боломжтойг хууль санаачлагч УИХ-ын гишүүд онцолж байгаа юм.
Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө өрхийн амжиргааг дэмжсэн таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална гэж тусгасан. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.15-т “Итгэлийн зээл”-ийг жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ” гэж тусгасан юм.
Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Иймд “Итгэлийн зээл”-ийн дээд хязгаар 20 сая төгрөг байх ба давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээд урт хугацаатай, хүү багатай, барьцаагүй зээл авах боломж бий болно. Өнөөдөр манай улсын хүн амын 30 хувь нь орлого багатай, ядуу гэсэн тоо баримт байна. Мөн нийт өрхийн 22 хувь нь дээрх ангилалд хамрагдаж байна. Зээлийн хүүг урьдчилсан байдлаар гурван хувь гэж тооцсон.
Зээлийг олгохдоо арилжааны банкаар дамжуулахгүй, төрийн банкаар олгоно. Учир нь 3 хувийн хүүтэй зээлийг банкаар дамжуулахад үйл ажиллагааны зардал гэхчлэн зээлийн хүү нэмэгддэг гэдгийг хууль санаачлагч НББСШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлсэн. Тэрбээр “Өрхийн орлогыг нэмэгдүүлэх жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд “Итгэлийн зээл”-ийн тухай хуулийн төсөл санаачилсан. Өнөөдөр нийгэмд бухимдал үүсгэж байгаа нэг асуудал бол орлогын тэгш бус хуваарилалт газар аваад байна. Тухайлбал, боломжтой хэсэг нь банкнаас хүү багатай, урт хугацаатай зээл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Яг зорилтот бүлэг болох орлого багатай иргэд бага хүүтэй зээлийг авч чадахгүй байгаа. Ер нь зээл авч чадахгүй байгаа үндсэн шалтгаан нь барьцаа хөрөнгө шаарддаг байдал. Иймээс МАН-ын бүлгийн гишүүд төр иргэний итгэлцлийг бий болгосон зээлийн бүтээгдэхүүн гаргах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд хуулийн төслийг дэмжиж, өргөн барьж байгаа” гэж онцолсон юм.
"Итгэлийн зээл"-ийг эдийн засгийн утгаас гадна иргэдээ хариуцлагажуулах, санхүүгийн сахилга баттай болгох нэг боломж гэж харах хэрэгтэй. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж бүрдэнэ.
Өрхийн болон бичил бизнес эрхлэх нь амьдралд эерэгээр нөлөөлөх, аж ахуйгаа дээшлүүлэхэд тустай ч зорилтод бүлэг нь санхүүгийн боловсролгүйгээс өөрийгөө хохироох, илүү зардалд унах, орлого, зарлагын харьцаа алдагдах, зээлийн мэдээллийн санд муугаар хадгалагдах, бизнесээ хаах зэрэг нөхцөл байдалд хүрдэг байна. Энэ нь санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид хүндрэл үүсэх, эдийн засгийн хөгжлийг удаашруулах, санхүүгийн хямралд хүргэх эрсдэлтэй тулгардаг.
Нөгөө талаас, зорилтод бүлгийн иргэд зээл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүй, тогтвортой орлогогүй зэрэг суурь нөхцөлийн улмаас мөнгө хүүлэгчдээс өндөр хүүгээр зээл авч байгаа нь тухайн иргэд өдөр тутамдаа өрнөөс өрийн хооронд сэтгэл зүйн болон санхүүгийн дарамттай амьдарч байна.
Иймд төрөөс иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтмол орлогын эх үүсвэртэй болгох шаардлагатай бөгөөд үүний тулд өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэхэд шаардлагатай санхүүжилтийг бий болгож, холбогдох эрх зүйн зохицуулалтыг төрийн зүгээс хийх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсч байгаа тул тухайлсан санхүүгийн бүтээгдэхүүнд зохицуулсан “Итгэлийн зээл” олгох тухай хуулийн төсөл шинээр боловсруулах нь зөв гэдэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.
Энэ хуулийн төсөл нь өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн сахилга батыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Итгэлийн зээл”-ийн бүтээгдэхүүнийг зорилтод бүлэгт олгох эрх зүйн үндэс болон тус зээлийг олгохтой холбоотой бусад үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 3 бүлэг, 11 зүйлтэй.
“Итгэлийн зээл”-ийн тухай хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно гэж үзсэн.
1. Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтэд бодитой дэмжлэг үзүүлнэ.
2. Монгол Улсад өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж хууль хэрэгжснээр санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эерэгээр нөлөөлж, эдийн засгийн хөгжлийг дэмжинэ.
3. өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг нэмэгдүүлж орон нутгийн тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө.
4. Итгэлийн зээл олгосноор иргэдийн санхүүгийн боловсрол болон сахилга бат нэмэгдэх болно.
Олон улсын туршлагаас харахад БНХАУ Итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргасан байдаг. Мөн ОХУ 2017 оноос “Итгэлийн зээл”-ийг 80 хүртлэх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байна” гэж хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулахдаа тодотгосон.
“Итгэлийн зээл”-ийг анхлан санаачлагч нь Бангладеш улсын "Грамен" банкийг үүсгэн байгуулагч Мухаммед Юнус юм. Түүний санаачлагаар Бангладеш болон Зүүн Өмнөд Азийн орнуудын бага орлоготой иргэдэд зориулсан барьцаагүй зээлийн системийг бий болгож ,үүний ачаар олон сая иргэн амьдрал ахуйгаа дээшлүүлж чадсан байна. Иймд Шведийн эзэн хааны академи 2006 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналаа Мухаммед Юнуст олгожээ. Тэрбээр анхныхаа 27 ам.доллартай дүйцэхүйц барьцаагүй зээлээ хулсан тавилга хийдэг эмэгтэйчүүдэд олгож байсан аж.
Б.ЦЭЦЭГ
“ИТГЭЛИЙН ЗЭЭЛ” ТӨР ИРГЭНИЙ ТҮНШЛЭЛИЙН “ГҮҮР” БОЛНО |
|