Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Өдөр шөнө тэнцэж, Монгол хүн сансарт ниссэн, казах түмний нарны баярын өдөр
7 жил өмнө   1298
Өнөөдөр 2018 оны 3 дугаар сарын 22. Энэ өдөр дэлхийд өдөр, шөнө тэнцдэг. Харин маргаашнаас эхлээд өдөр уртсана. Мөн энэ өдөр манай улсад тэмдэглэлт ой, баярууд тохиодог.
 
Үүнээс гадна энэ өдөр Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
 
Чандмань эрдэнэ-"Ус"-ны өдөр 1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 27-р чуулганаас жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн Усны Өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. Энэ жилийн усны өдөр нь “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байна. Ус нь 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол зорилгуудын нэг бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр болон эрчим хүчний үйлдвэрлэлд амин чухал ба эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр юм.
 
Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн гол зорилгуудыг хэрэгжүүлэхэд зөвхөн усны эх үүсвэр нь ганцаараа хангалттай биш, харин эрүүл мэндийн шаардлага хангасан цэвэр усыг түгээх болон бохир усыг зайлуулах системийг хангалттай хэмжээгээр бий болгох нь чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр дэлхий даяар ажлаас шалтгаалсан 2,3 сая нас баралт байгаа гэсэн судалгаа байгаа бөгөөд үүний 17 хувь нь ундны уснаас үүсэлтэй гэж эрдэмтэд тооцоолсон байна.
 
Иймээс бид үүнийг багасгахын төлөө хамтран ажиллах нь чухал юм. ЮНЕСКО-гоос усны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, бүс нутгийн болон олон улсын түвшинд усны менежментийг сайжруулах зорилгоор олон улсын ус зүйн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь ЮНЕСКО-гийн усны төвүүд болон их дээд сургуулийн тэнхимүүдийн сүлжээнээс бүрддэг ба дэлхий даяар усны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм..
 
Казах түмний Наурыз /нарны баяр/-ын өдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ.
 
Исламын шашинтнууд 03-р сарын 22-ны өглөө эртлэн босч нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай юм.
 
Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай бөгөөд энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэдэг аж.
 
Харин заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой юм байна.
Өдөр шөнө тэнцэж, Монгол хүн сансарт ниссэн, казах түмний нарны баярын өдөр
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0