- Сүүлийн 3 жилд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, түүнд тохируулан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын онцлог юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье?
2016 он Монголын эдийн засгийн хувьд хямралтай гэж хэлж болохоор жил байсан. Монголбанкны удирдлагын шинэ баг эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, дунд болон урт хугацаанд эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж ажилласан. 2016 оны сүүлээр Засгийн газартай хамтарч Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, дунд хугацаанд тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн 2017 оны эхээр ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хоёр хөтөлбөрийн хүрээнд бодлогын гол зорилтуудаа тавьж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр богино хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн нь статистик тоон мэдээллээс харагдаж байгаа.
2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг 1.6 хувиар агшиж байсан бол 2017 онд 5.3, 2018 онд 6.9 хувийн өсөлттэй гарсан. 2019 оны эхний улиралд жилийн дүнгээрээ 8.6 хувийн өсөлттэй гарлаа. Бид 2019 онд эдийн засгийн өсөлт 7 хувиас доошлохгүй байх гэсэн төсөөлөлтэй байна. Ер нь бол макро тогтвортой орчныг бий болгоход хоёр үндсэн бодлого бий. Мөнгөний бодлого, төсвийн бодлого. Төсөв тухайн жилийнхээ орлогоос хамаарч зардал дээш, доош хөдөлж байдаг. 2016 онд улсын төсөв ДНБ-ий 20 гаруй хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байсан бол 2018 онд алдагдалгүй, орлого нь зарлагаасаа давсан үзүүлэлттэй гарсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эдийн засгийг богино хугацаанд сэргээх зорилготой бүтцийн өөрчлөлтийн бодлогууд маань тодорхой үр дүнд хүрсэн байна. Эндээс бодлогын шийдвэрүүд зөв байжээ гэдгийг харуулж байна.
- Ер нь Төв банкуудын үндсэн зорилт инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалахад байдаг. Монголбанк ч мөн үүнд зорьдог. Энэ зорилт өнгөрсөн 3 жилийн хугацаанд хангагдаж байна. Үүнээс гадна Монголбанк анх удаа макро зохистой бодлогын шийдвэрүүдийг банкны салбарт хэрэгжүүлж эхэлсэн нь бас нэг онцлог байлаа шүү дээ.
Тиймээ. Төв банкны үндсэн зорилго хуулиараа “Үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангах”, бүр тодорхой хэлбэл, үнийн тогтвортой байдлыг хангахыг зорьж ажилладаг. Инфляцийн түвшин сүүлийн 3 жилд 6-7.5 хувийн орчимд байлаа. Төв банк инфляцийг 8 хувьд тогтворжуулах зорилгодоо хүрч, ажиллалаа. Одоо хүрсэн үр дүнгээ цаашид удаан хугацаанд хадгалах, инфляцийн түвшинг 8 биш 6 хувь руу оруулах талаар дараагийн зорилтын арга хэрэгслүүдийг төлөвлөж, тодорхой хэмжээнд шийдвэр гарган ажиллаж байна. Дээрх 3 жилийн хугацаанд бодлогын хүүг 15 хувиас аажмаар бууруулж, 10 хувьд хүргээд, өнгөрсөн оны эцэст эргээд нэг нэгж хувиар өсгөж 11 хувь болгосон байгаа.
Бодлогын хүүгийн энэхүү өөрчлөлт нь эдийн засгийнхаа суурь орчноос хамаарсан. 2017 онд эдийн засгийг хүндрэлээс гаргаад, сэргээх чиглэлд бодлого хэрэгжсэн учраас бодлогын хүүг бууруулсан. 2018 онд эдийн засгийн сэргэлт нэлээд эрчимжиж, дотоод эрэлтээр дамжин эдийн засгийг хэлт халаах, инфляцийг хөөргөх эрсдэл бий болсон. Тийм учраас Монголбанкнаас мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хэт халалтаас урьдчилан сэргийлсэн юм. Нөгөөтэйгүүр зөвхөн бодлогын хүүгээр эдийн засгийг бүхэлд нь удирдах боломж байхгүй. Тийм учраас сүүлийн жилүүдэд олон улсын бусад төв банкны хувьд ч тэр жишиг болж буй макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг хэрэглэж эхэллээ. Эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдэж, 2017 оны байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн бараг 70-80 хувь нь хэрэглээний зээл болж өссөн. Энэ нь хэрэглээг дэмжиж байгаа хэдий ч зээл бодит секторыг дэмжих, бизнес рүү гарах нь багассанаар сөрөг үр дагавар авчрах магадлалтай болсон. Тийм учраас макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувиар тогтоох, хугацааны хувьд 30 сараар хязгаарлах бодлогын шийдвэрүүдийг гаргасан нь тодорхой үр дүнд хүрсэн. Өнөөдрийн байдлаар банкны системээс гарч байгаа нийт зээлийн 30-40 хувь нь хэрэглээнд, 50-60 хувь нь бизнес рүү чиглэсэн байна.
Нөгөө талаар хэрэглээний зээл хавтгайрч нэмэгдэхийн хэрээр импортыг маш ихээр дэмждэг. 2018 онд Монгол Улсын нийт импорт 40 гаруй хувиар нэмэгдсэн. Үүний 20 орчим хувийг хэрэглээний импорт бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн импорт нэмэгдэх нь валютын нөөц, ханшид дарамт учруулах эрсдэлтэй. Тийм учраас үүний эсрэг бодлогын арга хэмжээ авсан. Хэрэглээний зээлд хязгаар тогтоохоос гадна валютын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэмэгдүүлсэн байгаа.
Эх сурвалж: Монголбанк
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН: ЭДИЙН ЗАСГИЙГ БОГИНО ХУГАЦААНД СЭРГЭЭХ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН БОДЛОГУУД ҮР ДҮНД ХҮРСЭН НЬ ХАРАГДАЖ БАЙНА |
|