Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БЗД-ийн Монгол Ардын Намын хороо ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүллээ
4 жил өмнө   1042
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр СТӨ-нд зохион байгууллаа.
 
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, БЗД-ийн МАН-ын дарга Э.Бат-амгалан нар оролцлоо. Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БЗД-ийн МАН-ын хороотой хамтран зохион байгуулж тус дүүргийн 28 хорооны 1500 орчим ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн байна.
 
 
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
            Монгол Улсынхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны амьдралын төлөө залуу, халуун насаа зориулан ажиллаж хөдөлмөрлөж ирсэн Эрхэм хүндэт ахмад настан, алдар гавьяаны эзэд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Шаргуу хөдөлмөр, мэдлэг чадвар, туршлагаа өнөө үеийнхэнд харамгүйгээр зааж сургаж, өвлүүлэн өгсөн Та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.
 
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласнаас хойш дэлхий нийтээр 29 дэх жилдээ, Монгол Улсад 27 дахь жилдээ ёсчлон тэмдэглэж байна. Энэ жил ахмадын өдрийг дэлхий даяар “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д заасан “ахмадуудыг нас, хүйс, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, угсаа гарал, орлогын байдал болон бусад статусаас үл хамааруулан нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулах” зорилтыг хэрэгжүүлэх уриан дор тэмдэглэж байгаа билээ.
 
Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлан ажилласаар ирснийг Та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, Ахмад настны эрх, хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан Ахмад настны тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулиар насны хишиг олгох эрх зүйн орчныг  бүрдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд 122.0 мянга орчим ахмад настан жилд 2 удаа 100.0-250.0 мянган төгрөгийн насны хишиг хүртэж эхэлсэн бөгөөд 2019 онд 140.0 ахмад настанд 22.3 тэрбум төгрөгийг насны хишиг болгон олгоод байна.
 
Мөн 2020 оны Улсын төсөвт 140.0 ахмад настанд 22.3 тэрбум төгрөгийг насны хишиг болгон өгөхөөр тусгасан байна. Ахмад настны хууль батлагдсанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Насан туршийн боловсролын төв, түүний салбар, нэгж, сум, дүүрэг, баг хорооны эрүүл мэндийн байгууллага, салбарын мэдлэг туршлагатай ахмадуудыг гэрээт ажилтан, зөвлөх, сургагч багшаар ажиллуулж байгаа сайхан туршлагууд байна.
 
 
Түүнчлэн Алдар цолыг хүртэж, тэтгэврийн насанд хүрсэн 2440 ахмад настанд сар бүр 150.0-200.0 төгрөгийн нэмэгдлийг олгохоор заасан Алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлтийн тухай хуулийг мөн 2017 онд баталсан. 2020 оны Улсын төсөвт Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд үүнд зарцуулах 168,1 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцоолж байна. Ингэснээр нийгмийн даатгалын 418,4 мянга, нийгмийн халамжийн 137,5 мянга, нийт 555,9 (таван зуун тавин тав аравны есөн мянган) мянган тэтгэвэр, тэтгэмж авагчийн орлого дунджаар 8 хувиар нэмэгдэнэ.
 
 
Урт хугацааны тэтгэврийн зээлийн хүү 2019 онд 18 хувь байсныг 2019.10.01-нээс 15,6 хувь болгож бууруулах шийдвэр гарлаа. 2020 онд Урт хугацааны тэтгэврийн зээлийг 13 хувьд хүргэж буулгана. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэх” зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын хүн амын дундаж наслалт сүүлийн арван жилийн хугацаанд 7 жилээр нэмэгдсэн байна. Иймд цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж байгаа нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой.
 
Баянзүрх дүүргийн хэмжээнд ахмадын төв барихаар төлөвлөж байгаа бөгөөд газрын асуудлаас болоод бэрхшээлтэй тулгараад байна. Цаашид Та бүхнийхээ сэтгэл санаа өөдрөг, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгохын төлөө тууштай, алсын хараатай ажиллаж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр үргэлжлүүлэн онцгой анхаарах болно.
 
Бидний өмөг түшиг болсон нийт ахмадууд, өндөр настан Та бүхэндээ урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг, амьдрал үйлс, буян заяа тань үргэлж дэлгэрч байх ерөөлийг чин сэтгэлээсээ өргөе.
 
 
 
 
БЗД-ийн Монгол Ардын Намын хороо ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0