УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсад улс төрийн намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав.
Уг тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар Засгийн газарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тусгажээ. Тогтоолыг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж улс төрийн нам байгуулан ажиллаж олсон амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Энэ дагуу чуулганаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.9 хувь дэмжсэн тул эцэслэн батлав.
Улс төрийн нам үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тэмдэглэнэ |
|