Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Иргэдийн мэдэх эрх ашгийг хангана” гэдэг дуулиан шуугианд бус, цаад учир шалтгааныг олоход байдаг.
3 жил өмнө   4397

Сүүлийн өдрүүдэд Нийгмийн сэтгэлзүйг түгшээсэн хэд хэдэн хэрэг ар араасаа гараад удаагүй байна. Үүнтэй холбоотойгоор мэдээллийг шуурхай дамжуулах нь хамгийн чухал уу, ёс зүйтэй, эх сурвалжтай, нухацтай хандах нь ёстой юу гэдэг мэтгэлцээн иргэд болоод мэргэжил нэгтнүүдийн дунд өрнөж эхэлсэн.  Нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэх зарим гэмт хэрэг, амиа хорлолтын мэдээллийг түгээхдээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  шүүгч, прокурор мэт аашилж хууль хяналтын байгууллагаас ч урьдаж, гэмт хэргийн шалтгааныг эх сурвалжгүй дүгнэх, хувь хүний нууцад халдаж овог нэрийг хэлэх, зохисгүй бичлэгийг ямар нэг цензургүйгээр шууд цацах зэрэг мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Гэхдээ бас мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжтай холбогдож, мэргэжлийн сэтгүүл зүйн чигийг барьсан нь олон байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөл энэ бүх нөхцөл байдлаас үүдэн сэрэмжлүүлэг ч гаргасан. 
 
Мэдээллийг түргэн шуурхай түгээхээс илүү бодит байдалд анхаарч, нягталсан баталгаатай мэдээллийг түгээх нь сэтгүүл зүйн нэн тэргүүний зорилт билээ. Өөрөөр хэлбэл, жирийн иргэн нийгмийн сүлжээнд юу хэлэх, хэрхэх нь тухайн хүний сонголтоос шалтгаалдаг бол сэтгүүлч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа төдийгүй нийгмийн сүлжээнд ч ёс зүйн хэм хэмжээнээсээ халихгүй байх үүрэг, хариуцлагыг хүлээдэг өвөрмөц мэргэжил.
 
Гэвч хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд аливаа мэдээллийг дамжуулахдаа сүр дуулиан тарьж, олон нийтийн анхаарлыг татах уралдаанд оролцож байна уу гэлтэй болсон нь нууц биш. Энэ нь сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаанаас урган гарсан 10 бүлэг, 24 заалттай “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-тай зөрчилдөж байна. Сэтгүүлчийн ёс зүйн код буюу зарчим нь дотроо гэмт хэрэг, осол гамшгийн үеийн мэдээ сурвалжлага бэлтгэх технологи, тэр үед ёс зүйн ямар код мөрдөх вэ гэдгийг зохицуулдаг. Энэ ёс зүйн кодын хэрэгжилт, ёс зүйн алдаа гаргасан эсэх талаарх гомдлыг иргэдээс хүлээн авч хэлэлцдэг зохицуулалтын байгууллага Хэвлэл мэдээллийн зөвлөл Монголд үүсэн бий болоод зургаан жил болж байна. Энэхүү зөвлөлд иргэд сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой гомдлыг өргөдөл бичгийн хэргээр хүргүүлж болдог. 
 

Тэгвэл ёс зүйн алдаа гаргаж, олныг цочирдуулсан мэдээ цацсан гэх сайт, телевизэд хандан өргөдөл, гомдол ирүүлсэн эсэх талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн мэргэжилтэн О.Дүүрэнжаргалаас тодрууллаа. 

О.Дүүрэнжаргал: Ёс зүйн алдаа гаргасан гэгдээд байгаа нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг гомдол одоогоор ирээгүй

-Миний бие иргэд, албан байгууллагуудын гаргахаар зэхэж буй өргөдөл, гомдлыг хүлээн авч, шаардлагатай болон дутуу материалуудыг бүрдүүлэхэд нь зөвлөгөө өгч, хянан ёс зүйн хороонд хүргүүлдэг. Одоогоор ойрын хэдэн өдөр гарсан хэрэг явдалтай холбоотой санал, гомдол ирээгүй байна. Хэрэв ирсэн тохиолдолд ирэх гуравдугаар сарын хурлаар оруулан шийдвэрлүүлнэ. Ёс зүйн  мэргэжилтний хувьд дүгнэхэд Сүхбаатарын талбай дээр болсон үйл явдлыг ямар ч шүүлтүүргүйгээр олон нийтэд нэвтрүүлэх нь ёс зүйн зарчимд нийцэхгүй юм. Миний бие хурлын шийдвэрт нөлөөлөхгүй хэдий ч хэрэв тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг гомдол ирвэл буруутай гэж дүгнэгдэнэ гэж бодож байна. 

Сэтгүүлч хүний баримтлах ёс зүй, мэдээллийн сайтуудын алдаа дутагдлын талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаагаас тодрууллаа. 

З.Боргилмаа: Үйл явдал болгон мэдээний сэдэв биш
 
-Манай мэдээллийн сайтууд хурд, шуурхай байдлаараа өрсөлдөж байна. Энэ дунд мэдээллийн ач холбогдлыг гээгдүүлж байгаа тал бий. Судлах, баталгаажуулах хугацаагүй, яаруу түргэн мэдээлэх, энэ дундаа мэргэжлийн алдаа гаргах явдал гардаг. Нөгөө талаас энэ салбарт олон жил ажилласан хүнийхээ хувьд үйл явдал болгон мэдээний сэдэв биш гэдгийг ойлгосон. Мэдсэн болгоноо мэдээлэх, бодсон болгоноо илэрхийлэх нь яг зөв үү гэж өөрөө өөртөө асуулт тавих хэрэгтэй. Мэдээлж байгаа зүйлээ энэ нь нийгэмд ямар хэрэгтэй, нийтэд ямар нөлөөтэй вэ гэж боддог байх бас чухал. Мөн болж буй үйл явдлын сэтгүүл зүйн өнцөг аль нь вэ гэдгийг ялгаж, салгах хэрэгтэй. 
 
-Таныг эрүүл сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ тууштай оруулдаг гэж боддог. Сэтгүүлч хүний хувьд мэргэжлийн ёс зүйн зарчимтайгаа зөрчилдөх явдал гардаг уу?
 
-Тийм ээ, гардаг.
 
-Ёс зүйг хэт баримтлах нь буруу юу?
 
- Юм бүхэн хоёр талтай. Ямарваа эрх чөлөөг кодлох, хуульчлах нь заримдаа асуудал үүсгэдэг. Нэг талдаа хааж байна л гэсэн үг.

Өөр улс оронд, жишээ нь Японд сэтгүүлчдийн үндсэн зарчимд хүчингийн золиос эсвэл насанд хүрээгүй хүнийг сэжигтнээр татсанаас бусад тохиолдолд нэр устай нь мэдээлэх ёстой байдаг. “Хүний мэдэх эрхийг хангаж байгаа, нөгөө талаас эрх баригчид, албан тушаалтнуудыг хянахад хамгийн тустай арга” гэж тайлбарладаг. Харин манай улсад бол эсрэгээрээ олон сөрөг талтай гэж үздэг. Энэ талаар “Монголын үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан Т.Бүдээхүүгээс тодрууллаа. 

Т.Бүдээхүү: “Иргэдийн мэдэх эрх ашгийг хангана” гэдэг дуулиан шуугианд бус, цаад учир шалтгааныг олоход байдаг
 
-Нийгэм дэх сөрөг мэдээллийн эздийг хаалтгүй зарлан нийтлэх нь манай улсад тохиромжтой юу?
 
-Хэрэгтний тухайд гэмт хэрэг хийгээд шүүхээр нотлогдсон тохиолдолд л нэр усыг нь ил зарлах нь ёс зүйн үүднээс оновчтой. Түүнээс бус гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй тохиолдолд хүний нэр усыг зарлах нь ёс зүйгүй, цаад хүнийхээ нэр төр, эрхэмсэг оршихуйд  халдаж буй явдал. 
 
Харин дуулиант хэргийн мэдээлллийн тухайд жишээ нь, 2 сагсчин нас барсан, талбай дээр өөрийгөө шатаасан зэрэг хэргийг  сайтууд хэтэрхий дуулиантай буюу зургийг нь ил, шатаж буй бичлэгтэй /зарим нь бүр нүүр нь харагдахаар/ шууд дамжуулсан. Сайтууд аливаа мэдээллийг дамжуулахдаа хэтэрхий дуулиант талыг барьж байгаа нь эндээс илэрхий. Уг нь сэтгүүл зүйн зарчмаараа бол шууд дамжуулах нь сэтгүүл зүйн нэг л ажил. Харин тэр иргэн  яагаад шатав гэдэг учир шалтгааныг тодруулж мэдээлэх нь үндсэн ажил нь юм. Гэвч дуулиан тарих, хандалт авах мэдээллийг шууд дамжуулдгаараа уралдаж байна. 
 
Сөрөг мэдээллийн эздийг хаалтгүй зарлах тухайд аль ч нийгэмд, аль ч улс оронд сөрөг үйл явдал үргэлж гарч байдаг. Гэхдээ цаана нь дандаа хэн нэг хүний амь, амьдрал, эрх ашиг, эрхэм чанар  зөрчигдөж байдаг.  Жишээ нь, амиа алдсан, хоёр сагсчин залуугийн тухайд тэд амь насаараа хохирсон /хэдийгээр гэмт үйлдэл хийсэн  ч гэсэн тэднийг амиа алдахад аав, ээж, ар гэрийнхэн нь асар их  сэтгэлийн зовлонтой/ байхад тэднийг ямар нэг цензургүйгээр зураг хөрөгтэй нь мэдээлж, олон нийтийн шүүлтүүрийн өмнө тавьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. 
 
-Нийгэмд тохиолдож буй бараан сэдэв бүрийг сэтгүүлч алгасалгүй нийтлэх нь зөв үү?
 
-Сөрөг мэдээ бүрийг дуулиантайгаар мэдээллээ гээд нийгмийн  сэтгэл зүйг хордуулж, стресс нэмэхээс өөр үр ашиггүй. “Иргэдийн мэдэх эрх ашгийг хангана” гэдэг дуулиан шуугианд бус, цаад учир шалтгааныг олоход байдаг. 

Ар араасаа цуварсан хар мэдээнүүд.... Нийгмийн сэтгэл зүй... Тэрхүү мэдээллүүд  сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар Сэтгэл зүйн ухааны доктор, мэргэжлийн сэтгэл зүйч үзэл бодлоо хуваалцлаа.
 
Сэтгэлзүйч: Сэтгүүлч болон зураглаач сэтгэл хөдлөлдөө хэт автаж болохгүй.
 
-Ойрд өрнөж буй үйл явдлууд нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөх бол?
 
- Үүсээд байгаа асуудлыг шууд л сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай холбож үзсэн. Сэтгэл зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадаагүй, илэрхийлж болоогүй тул эцэсдээ харамсалтай үр дүнд хүргэлээ гэж харж байна. Өсвөр залуу насны оюутнуудтай ойр ажилладаг учраас тэд минь л бодогдож байлаа. Үзэгчдийн байр сууринаас бол үнэхээр цочирдмоор. Сэтгүүл зүйн ямар ч ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэсэн. Тухайн үйл явдлыг хохирогчийн царайтай нь хамт олон нийтийн сүлжээгээр гаргаж байсныг хараад үнэхээр цочирдож суусан. Иймэрхүү гэнэтийн үйл явдлыг олонд хурдан шуурхай дамжуулж болох ч сэтгүүлч болон зураглаач сэтгэл хөдлөлдөө хэт автаж болохгүй. 
 
-Иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу мэтээр ёс зүйгүй бичлэг цацаж, хувийн мэдээлэлд халдах нь ямар үр дүнд хүргэх бол? 
 
-Үзэгчдийн байр сууринаас харахад мэдээж сөргөөр нөлөөлнө. Стрессийг нэмэгдүүлж, түгшүүр, хямралд автуулах зэргээр бидэнд муугаар нөлөөлөх нь тодорхой юм. Гэтэл үүнийг ямар ч шүүлтүүргүй үзэж байгаа бага насны хүүхдүүд, өсвөр үеийнхэнд асуудлыг ингэж шийдэж болдог юм байна гэсэн сэдлийг өгөх вий гэхээс хамгийн ихээр айж байна. Бидэнд тулгарч буй сэтгэл санааны асуудлыг хэн нэгэнтэй ярилцах, муу эрч хүчээ зөвөөр илэрхийлэх, гадагшлуулах, сэтгэл хөдлөлөө удирдах гэх мэт сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг илэрхийлж байна. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал нэг л өдөр үүсчихдэггүй. Олон өдөр, сараар үргэлжилж хуримтлагддаг. Бид үүнийгээ анзаардаггүй. Нэг үгээр бол сэтгэл судлаачид маш эрэлттэй байна. Бидний уламжлалт ойлголт болох эрэгтэй хүн уйлж болдоггүй, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм гэх мэт хандлагууд үүнд мөн нөлөө үзүүлж байгаа. 
 

Эцэст нь  Сэтгүүл зүйн доктор /Ph.D/, дэд профессор Х.Энхтуяагаас мэргэжлийн ёс зүйн талаар тодрууллаа
Х.Энхтуяа: Хүний ёсыг дээдэлдэг хүн угаас хуулийг ч дээдэлнэ
 
-Гэнэтийн эмгэнэлтэй мэдээнд хохирогчийн нэр, нас зэрэг хувийн мэдээллийг ил мэдээлсэн нь сэтгүүл зүйн ёс зүйн зарчимд нийцэх үү?
 
-Сэтгүүлч гэдэг шүүгч эсвэл цагдаа, мөрдөн байцаагч биш. Тиймээс аливаа гэмт хэрэг, осол, гамшиг, золгүй явдлын талаар мэдээлэхдээ өөрсдийн таамаг, дам сонссон сургаар яаран сандран нийтэд мэдээлж, бүр овог нэр, нас, хүйс, ажиллаж амьдарч байгаа хаяг зэргийг хүртэл ил гаргах нь маш том алдаа. Нас хүйс, овог нэрээр нь дурдаад байгаа хүн чинь буруугүй байвал яах вэ, тэр хүний цаана бас амьдрал бий гэдгийг бодолцох нь зүйтэй. Яагаад тэр хүнд тайлбар өгөх боломж олгохгүйгээр шууд мэдээлж байна вэ. Эргээд нөгөө “хүнлэг байх” гэдэг асуудал чинь энд бас хамааралтай. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8, 4.1, 4.2, 4.4, 4.5, 4.6-р заалтыг зөрчиж байгаа хэрэг л дээ. Нийгэмд сэрэмжлүүлэг, сургамж болгох гэж мэдээлж байгаа бол арай өөр өнцгөөр, өөр хэлбэрээр хүргэх нь зүйтэй юм. Өнөөдөр бидний амьдарч байгаа энэ нийгэмд маш олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж бие, сэтгэл зүйн хувьд эрүүл бус хэсэг бүлэг олширч, нийгмийн эрүүл мэнд асуудалтай болсон. Тиймээс ийм эмзэг бүлэгт сэтгүүлчдийн яаран сандран мэдээлсэн мэдээлэл хэрхэн тусч, эргээд энэ нийгэмд ямар үр дагавар авч ирэхийг бодож, урьдчилан таамаглаж байх нь хүн ёсноос гадна мэргэжлийн ур чадварын хэмжүүр болж байгаа юм. 
 
-Сэтгүүлч хүнд цаасан дээр бичсэн дүрэм биш хүн байх зарчим хамгийн чухал гэсэнтээ та саналж нийлж байна уу?
 
-Санал нэг байна. Хуульжсан хүнээс илүүтэй “хүн ёс”-ыг дээдэлдэг хүн л өнөөдрийн энэ нийгэмд хамгийн ихээр үгүйлэгдэж байна. Хүний ёсыг дээдэлдэг хүн угаас хуулийг ч дээдэлнэ. Харин тэр “хүн ёст” хүнийг бий болгоход их сургуулийн сургалтаас бүүр өмнө гэр бүл, нийгмийн ахуй, орчин аль хэдийн нөлөөлөөд суурийг нь тавиад хүмүүжүүлчихсэн байдаг. 
 
Д.Ариунзул
 
 
“Иргэдийн мэдэх эрх ашгийг хангана” гэдэг дуулиан шуугианд бус, цаад учир шалтгааныг олоход байдаг.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Зочин [103.57.93.240] 3 жил өмнө
    Болохгүй болохгүй тухайд энэ нийтлэлдээ бичиж биччихээд болсон үйл явдал,зураг хөргийг нь өөрсдөө бас тавьсан л байна шүү дээ
  • Irgen [66.181.161.27] 3 жил өмнө
    Mash zow. Odoogiin setguulchid ch dee. Yum chaddag ni howor yum
  • Иргэн [66.181.161.48] 3 жил өмнө
    Ёстой үөв. Ёс зүйтэй сэтгүүлч монголд хомсдож байна