Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Цэргийн албанд нойрыг захирахаас эхлээд зорилгоо тодорхойлдог
3 жил өмнө   361
 
Мөнхөд үлдэх зүйл бол дурсамж. Ялангуяа эр хүний амьдралд цэргийн алба хаана гэдэг хамгийн сайхан дурсамж болон үлддэг. Нэг жилийн хугацаанд цэргийн казармд ижилсэн дасаж, ээнэгшсэн нөхөд нэг мэдэх нь ээ гэр, гэрийн зүг хөлгийн жолоо залах цагаар, бид БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабаар орлоо. Яг л жилийн өмнө эх орон дуудлаа хэмээн энхрий үрсээ үдэн гаргаж өгч байсан тэр дүр зураг тодхон. Тэгвэл өнөөдөр гэрийнхэн нь эр цэргийн албаа нэр төртэй хаасан эх орны хөвгүүдээ үнсэлтээр угтаж, магтаалын үгээр урамшуулж байна.
 
Цээж тэвхгэр, хараа цэх энэ олон залуусын хэн нь миний хүү вэ гээд нүдээ бэлчээх ижий аав олон. Гадаа жавартай ч тэд жиндсэн янзгүй. Догдолсон сэтгэлдээ бүлээцэх тэднийг яаж ч жиндээх билээ дээ. Хөл хөдөлгөөн, хөөр баяр ихтэй ийм л дүр зураг энэ өдрийн гоёхон чимэг.
Үдэн гаргуулсан ч угтан тосуулахыг хүсээгүй нь дэд түрүүч Т.Бямбасүх.
 
Тэрээр 2020 оны II ээлжээр цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын ротын тусгай ротод хуваарилагдсан байна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг бий. Энэ л ангид албаа нэр төртэй хаана гэсэн чин хүсэл, бат итгэл түүнийг зорьсон газарт нь саадгүй хүргэсэнд юутай сайхан.
Цэргийн албыг хүндээр бодож, бараг л ял мэтээр хүлээн авсан түүний харанхуй төсөөлөлд тус ангид татагдсан өдрөөс хойш удалгүй үүр хаяарч эхэлсэн гэнэ. Ингээд өөрийгөө хатамжилж, бодлоо цэгцлэхээр бүр мөсөн шийджээ. Төр, цэргийн болон гадаад дотоодын зочид, төлөөлөгчдийг угтах, үдэн гаргах ёслолд Хүндэт харуулын албаны гүйцэтгэх үүрэг тун их. Энэ ч утгаараа манай улсын нүүр царай гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм хүндтэй бөгөөд хариуцлагатай, хором ч сонор сэрэмж алдах эрхгүй алба Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн автортай.
 
Хүндэт харуулын ротын цэргүүд өдөрт 4-өөс доошгүй цагаар бэлтгэл сургуулилт хийнэ. Тухайлбал, жагсаалын бэлтгэл, цэцэг өргөх бэлтгэл, үзүүлэх тоглолт, ёслолын ажиллагааных гэх мэт чиглэл бүрээр л.Т.Бямбасүх “Ёслолын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрдээ Монгол Улсынхаа төрийн дууллыг сонсдог. Яагаад ч юм бэ, эндээс л бахархах, омогших сэтгэл төрнө дөө. Хамгийн анх Унгарын Элчин сайдыг угтаж авахад их сандарч яалт ч үгүй шинэдэж байсан шүү. Ёслолын ажиллагаа дууссаны дараа бие тавирч хөнгөрөх шиг болсон.
 
Нэгэн зэрэг баярлаж, сандрахаар тэгдэг юм билээ. Хойшид өөрийгөө илүү зоригжуулж, хариуцлагатай байхыг дотроо шивнэсэн. Яагаад гэхээр, миний гаргасан жижигхэн алдаа манай рот, манай анги ч биш, бүхэл бүтэн тусгаар тогтносон улсынх гэж хаяглагдана шүү дээ. Энэ хандлага хувь хүний төлөвшилд минь маш эергээр нөлөөлж, өөрийгөө “эвдэх” боломжийг олгосон” хэмээн хэлэх нь ёстой л нэг хэрсүүжсэнийх гэмээр.
Эргэлт авахгүй, утсаар ч нэг их ярихгүй, ер нь л аав ээж, ахуй амьдралаасаа тасрах маягтай албаа хаагаад нэг л өдөр халагдаад очно доо гэсэн тэр цаг үе тулахад Т.Бямбасүх сүүлчийн оройн тоогоо хийлээ, гэр бүл рүүгээ яарч догдолсон сэтгэл нь ангидаа хүлэгдсэн гэнэ. Онжавуудаараа дахиж дансаараа жагсахгүй, рот, салаан дарга нарын өгдөг үүрэг энэ шөнө сүүлийнх нь байна гэж бодохоор түүний сэтгэлийг хөнгөн гуниг бүрэн эзэмдсэн гэлтэй.
Цэрэгт хүүгээ мордуулсан аавын захиас их л гэнэ.
 
Арга ч үгүй биз. Т.Бямбасүхийн аав Б.Тэгшжаргал бидний хэлж заншсанаар “Хээрийн академи”, тэвсэр хатуужлын их сургууль ч гэгддэг Зүүнбаянд цэргийн алба хаасан аж. Харин ээж нь У.Нарантуяа. Цэрэгт байхдаа тоотой хэд утсаар ярихад харилцуурын цаанаас миний хүү гээд л, хөөрч баярласан сэтгэл нь илхэн байдаг гэв.
Цэргийн нөхөрлөлийн талаар ам нээхгүй өнгөрч болохгүйг тэр сайн мэдэж байв. Цэргийн албанд нөхөрлөл гэдэг зүйлийг бид ямар ч баггүй, ямар ч жүжиглэлт, дүр эсгэлтгүйгээр харж, мэдэрдэг гэдгийг Т.Бямбасүх хэлж байна. Үргэлжлүүлэн “Хамгийн дурсамжтай зүйл гэвэл. Шуудангаар ганц ширхэг чихэр ирсэн ч онжавуудаараа хуваагаад идэх тийм сэтгэлтэй. Цаашлаад зовоон жаргалаа ямагт хамт хуваалцана. Ер нь маш энгийн зүйлээс л цэргийн нөхөрлөл эхэлдэг” гэв.
Цэргийн алба өрхийн тэргүүнийг бэлддэг, амьдралын сургууль гэж та сонссон л байлгүй.
 
Тэгвэл Т.Бямбасүх цэргийн албанд ирэхээс өмнө их бөөрөнхийлж ярьдаг байж. Ер нь тодорхой биш. Харин одоо өөрийгөө илүү нээлттэй, дарга нарт товч тодорхой илэрхийлж сурчээ. Тэрээр “Миний үеийн зарим залуус утас, компьютер их оролддог, орой унтдаг болохоор тархиа сайн амрааж чаддаггүй. Тэгээд маргааш нь эрт босдоггүй дутагдал бий. Миний хувьд ч “ард” байхдаа 10, 11 цаг гэж сэрдэг тал байсан. Одоо нойроо захирч сурсан. Амьдралдаа том зорилго тавьсан болохоор цаашид ч энэ хэмнэлээ алдахгүй” гэж ирээдүйн Т.Бямбасүхэд амлалт, одоогийн өөртөө үүрэг өгчээ. Ингэж ярихад нь цэрэг хүний гүдэс шулуун зан үе үе цухалзана. Зуун жилийн өмнө буу зэвсэг үүрч, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан гал цогтой тэмцэгчдийн байгуулсан гавьяагаар өнөөдөр  бидэнд гишгэх газар, амсгалах агаар байгаа.
 
Үүнийг Т.Бямбасүрэн алба хаах хугацаандаа сайн ойлгож эр хүн болсон хойно энхийн цагт цэргийн хатуужлыг олж, өрх гэр, улс эх орноо авч явах ноён нуруутай болох ёстой гэдгээ гүнээ ухамсарласан байна. Түүнчлэн Хүндэт харуулын ангид алба хаана гэдэг мэдлэг оюун, тэсвэр хатуужил, ур чадвар, хүнийг хүндлэх, хүнлэг байх чанараараа бусдаас тохой өндөр байхыг ягштал мөрдүүлдэг байсан нь амьдралд гудайхгүй, зовлонд тунихааргүй эр хүнийг бэлдэхэд гол хөдөлгүүр нь болсонд Т.Бямбасүхийн сэтгэл өег. Үүнийгээ бахархал дүүрэн уудалж сууна.
 
Өглөөхөн зүүнээс мандан, цухуйж байсан алтан нар үдийн алдад чанх дээрээс ёлтойж үзэгдэнэ. Бидний төсөрхөн уулзалт өндөрлөх энэ мөчид Т.Бямбасүх “Цэргийн алба та бүхнийг нэг биш, хоёр ч биш нэлээд хэдэн алхмаар хүрэхийг хүссэн газар, өмнөө тавьсан зорилгод тань ойртуулах боломж шүү. Та дэмий гэж бодож байж магадгүй. Гэхдээ наад бодол чинь л ёстой дэмий гэж хэлмээр байна. Бие бялдар болоод сэтгэлзүйн өв тэгш төлөвшил, түүнээс илүүтэй өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах үзлийг олж аваарай” гэж үе тэнгийн залуустаа уриалаад амжлаа.
 
Цэргийн алба гэдэг цаанаасаа дэгжин. Цэрэг хүний алхаа гишгээ, хараа гарган гараа хаялж, нэгэн жигд алхах нь омогшмоор сайхан.   
 
 
 
Цэргийн албанд нойрыг захирахаас эхлээд зорилгоо тодорхойлдог
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0