Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна
2 жил өмнө   3185
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо.
 
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн " Энэ оны агаарын чанарын дунджийг тайлбарлавал өнгөрсөн жилтэй харилцуулахад агаарын чанар муудсан гэх үзүүлэлт гарсан. Учир нь өнгөрсөн онд нийслэл бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байсан. Тухайн үед автотээврийн хэрэгслийн 80 хувь нь зорчих хөдөлгөөнд оролцоогүй тул агаарын бохирдлын хэмжээ энгийн үеэс 2-6 дахин бага байсан юм. Харин энэ жилийн хувьд агаарын чанар PM 2.5, PM 10 тоосонцор 10-20 хувиар өссөн байна. Мөн Улаанбаатар хотод түр оршин суудаг 20 орчим мянган өрхөөс шалтгаалан түлшний хэрэглээ 60 мянган тонноор нэмэгдээд байна. Мөн автомашины тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Энэхүү олон хүчин зүйлс нь агаарын чанарт нөлөөлж байна” гэлээ.
 

 
 
“Тавантолгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Одоогоор 30 мянган орчим өрхөд угаарын хийн мэдрэгч, дамжуулагчийг суурилуулаад байна. Тус мэдрэгчээр дамжуулан 547 дуудлагад яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.  Дуудлага ирсэн өрхөд шалгалт хийхэд угаарын хийн хордлогод өртөж байгаа айлууд ихэвчлэн уламжлалт монгол зуух ашигладаг эсвэл зуухны битүүмж алдагдсан гэх шалтгаанаас угаартах эрсдэл үүсээд буй. Тиймээс агаарын чанар мөн өөр олон эрсдэлээс хамгаалж болох бүрэн шаталгаат зуухыг ашиглахыг уриалж байна. Бүрэн шаталгаат зуух нь энгийн зуухыг бодвол 4-5 цаг шаталт явуулах, угаарын хий алдуулахгүй байх зэрэг олон эерэг үр дүнтэй. Мөн сайжруулсан шахмал түлшний чанарт өөрчлөлт ороогүй. Одоогоор 1.6 сая тонн түлшний нөөц байгаа”гэв.
 
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдлыг тогтмол мэдээлснээр иргэдийг үнэн, бодит мэдээллээр хангах, угаарын эрсдэлээс сэргийлэх, хамтран ажиллах зэрэг давуу талтай.  Иймд Цаг уур, орчны шинжилгээний газраас хотын уур амьсгал, цаг агаарын параметрүүд, инверс, агаарын температур, салхины эрчим, даралтын орон, агаарын чанарт нөлөөлөх цаг үеийн нөхцөл байдлыг тогтмол танилцуулахаар боллоо.
Агаарын чанарын мэдээллийг тогтмол танилцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0