НИТХ-ын тэргүүлэгчдийн баасан гарагийн хурлаар хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.
Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм.
Ингэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан, нийт 33 хороотой болж байна. Харин Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж, тус дүүрэг нийт 43 хороотой болох аж. Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмнэ. Ингэснээр нийслэл нийт 200 хороотой болохыг тэрбээр хэллээ.
Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороо байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тэргүүлэгч Д.Гантулга иргэд төрийн үйлчилгээг хороодоос илүү дүүргээс авдаг тул засаглал талаасаа эхлээд хэт их хүн амтай дүүргийг хуваах талаар ярих ёстой хэмээн байр сууриа хэллээ. Гэхдээ дүүрэг хуваахыг УИХ-аас шийддэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдгийг Засаг даргын орлогч онцлов. Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.
Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулна |
|