Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Өнөөдөр Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна
2 жил өмнө   279
1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
 
Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна.
 
Монгол Улсын шинэ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
 
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 430 гишүүн бүхий Ардын их хурал 76 хоногийн турш  хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимэд голлон боловсруулсан. Улсад тусгаар тогтнол, иргэнд эрх чөлөө, эрх тэгш байдал, төрд ардчилсан дэглэм тогтоосон шинэ Үндсэн хууль нь тухай үеийн олон улсын жишигт нийцсэн, нийгмийн шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нэмж засварлах зайлшгүй шаардлагатайг ч Б.Чимид гуай онцолсон байдаг. Түүний хэлснээр болж, цаг үе, нийгмийн шаардлагаар өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл “дордуулсан долоо” гэсэн тодотголтой явж ирсэн. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.
 
УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухайн өдрийн морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн юм.
 
Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм.
 
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.
 
Олон жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаараа долоо дахь парламент (2016-2020) нийгмийн захиалгыг тодорхой хэмжээнд биелүүлэх түүхэн үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч Х.Баттулга уг өөрчлөлтийн эхийг ёсчлон баталгаажуулахдаа онцолж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 26 буюу Монгол Улс анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн өдөр ёсчилсон юм.
 

 

Өнөөдөр Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0