Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бид газар хөдлөлтөд бэлэн үү
2 жил өмнө   977

Бид газар хөдлөлтөд бэлэн үү Байгаль эхийн хүч хийгээд хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан өвчин тахал, элдэв гамшигтай буруутай, буруугүй хүн бүр л нүүр тулдаг, захирагддаг гэдгийг сүүлийн жил гаран хугацаан дахь байгаль эхийн зан авир, цаг агаарын нөхцөл байдал болон цар тахлын тархалт, түүнээс үүдэн гарч буй ноцтой хохирлуудаас харж болно. Халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалах заавар, зөвлөмж өгч, тусаад эдгэсэн тохиолдолд гэрийн хорионд байх ёстой зэргийг анхааруулдаг ч бид эрсдэл дагуулсан хэвээрээ.

Цаг агаарын төлөв мэдээг телевиз, радиогоор урьдчилан мэдээлэл хийснээр бороотой гэдгийг анхааруулдаг хэдий ч бид шүхэргүй гардаг хэвээрээ. Тэгвэл хэдхэн секундын өмнө мэдэх боломжтой аймшигт аюул болох газар хөдлөлтөд та, бид бэлэн үү?

Бид оюун ухаант хүн байснаараа технологийн дэвшилд хүрч, судлах боломжтой бүхий л зүйлсийг судлан, уул усыг төвөггүй сэтлэж, усан дээр байшин барьж, сансарт гарч, саран дээр мөрөө үлдээсэн. Бид одоо байгалийн хүчийг сөрж чадах уу? Улаанбаатар хот газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүсэд тооцогддог. Өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хот орчмын 200 км дахь хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтжээ. Энэ нь болзошгүй газар хөдлөлтийн голомтууд байх магадлалтай бөгөөд 7.5 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй гэнэ.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн голомтод байгаа хэмжих багажинд мэдрэгдэх хүч юм. Балл гэж мөн ярьдаг нь тухайн газар хөдлөлт хүн амьтан, барилга байгууламжид нөлөөлөх хүчийг хэлдэг байна. Магнитудыг газар хөдлөлт болсон дор шууд тодорхойлдог бол баллыг нарийн судалгааны үндсэн гаргаж ирдэг. Манай улсын хүн амын дийлэнх хувь нь Улаанбаатарт төвлөрсөн тул газар хүчтэй хөдлөхөд ямар хэмжээний сүйрэл болох нь тодорхой. Тиймээс газар хөдөлсөн тохиолдолд аюулыг хохирол багатай даван туулахын тулд Одон орон, геофизикийн хүрээлэн нь ОБЕГ-тай хамтран байнгын тандалт судалгаа хийдэг аж.

 Улаанбаатарт жилд газар хөдлөлтийн 1000 чичирхийлэл болдог Газар хөдлөлтийн идэвхжлийн талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын дарга М.Өлзийбатаас тодрууллаа.

- Газар хөдөллөө гэхэд, энэхүү аюулыг урьдчилан мэдэж, сэрэмжлэх боломжтой юу?

М.Өлзийбат: -Аймаг, орон нутаг, төвийн бүс зэрэгт ойролцоогоор 30 станц, мөн газар хөдлөлтийн голомт хэмээн бүртгэсэн газруудыг нэмж тооцвол одоогийн байдлаар нийт 60 станц газар хөдлөлтийг бүртгэдэг. Гэвч энэ станцууд газар хөдлөлтийг урьдчилан тооцоолох бус, гарсан газар хөдлөлтийн хэмжээ, хугацаа, хамарсан хүрээ зэргийг бүртгэн, голомтыг тодорхойлох, мэдээллэх үүрэгтэй. Харин газар хөдлөлт судлах мэргэжилтнүүд тэр мэдээлэл болон газар хөдлөлтийн голомт дээрх нөхцөл байдалд тандалт, судалгаа хийснээр болзошгүй нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудад уламжилдаг. Өнгөрсөн зуунд буюу 1900-2000 он хүртэл манай улсын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн идэвхжлийн бүсэд нутагт тооцогдож байсан. Энэ хугацаанд Монголд их хүчтэй дөрвөн газар хөдлөлт болсон түүхтэй.

Тодруулбал, наймаас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байсан. Энэхүү идэвхжил өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Газар нутгаар нь авч үзвэл баруун бүсэд тиктоникийн идэвхтэй хөдөлгөөнтэй, газар хөдлөлт болох өндөр магадлалтай бол зүүн талаар дундаж, аюул багатай. Энэ хоёр бүсийн завсарт Улаанбаатар хот оршдог. Улаанбаатарт 2005 оноос газар хөдлөлтийн чичирхийлэл эрс нэмэгдсэн. Жишээ нь, 2005 оноос өмнө нийслэлийн газар хөдлөлтийн бүсэд жилд 100-200 удаа чичирхийлэл мэдрэгддэг байсан бол энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өсж, жилийн хугацаанд 1000 болсон. Улаанбаатар хотын ойр орчмын буюу 200-300 км зайд орших бүсэд хүчтэй газар хөдөллөө гэж үзье.

Жишээ нь, Дундговь аймгийн Дэрэн сум долоон баллын газар хөдлөлт болох магадлалтай бүс нутагт оршдог бөгөөд газар хөдлөлтийн энэхүү голомтод хүчтэй чичрэлт боллоо гэж үзэхэд гурван төрлийн долгион тархах юм. Долгионы хамгийн сүүлийн давалгаа нь хамгийн хүчтэй буюу аюултай байдаг. Энэ жишээн дээр Улаанбаатар хотод энэхүү долгион 50-60 секундэд ирэх магадлалтай юм. Бид хүчтэй газар хөдлөлт ирэхээс 20-30 секундын өмнө ҮАБЗ-ийн Шуурхай алба болон ОБЕГ-ын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд мэдээлэх хэдий ч бүхэл бүтэн хотын иргэдийн амь насанд анхаарал тавихад энэ нь хэтэрхий бага хугацаа.

-Энэхүү байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийдэг вэ?

-Газар хөдлөлтийн гамшгийн хэмжээ нь тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн барилга, байгууламж, нас барсан хүмүүс болон эдийн засгийн хохирлоор тодорхойлогддог. Ер нь хот суурин газрыг зөв төлөвлөж газар хөдлөлтийн аюулыг нарийн тооцоолсон, тэсвэртэй байшин барилгуудыг барьснаар энэхүү аюулаас сэрэмжилж чадна. Мөн газар хөдлөөд өнгөрөхөд хоёрдогч үзэгдэл буюу газар хөдөлсний улмаас байшин, барилга нурах, гэр хорооллын айлууд ил гал алдах, үйлдвэр, станцуудын аюулгүй байдал алдагдах зэрэг иргэдийн амь насанд аюултай олон хүчин зүйлс урган гарч ирнэ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг болзошгүй хохирлын үнэлгээ хийх, түүнийг урьдчилан таамаглах, түүнчлэн янз бүрийн түвшинд хэрэгжүүлбэл зохих олон талт арга хэмжээг холбогдох газруудын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд иж бүрнээр нь зохион байгуулах хэрэгтэй. Энэ бүх эмзэг байдлыг харгалзан манай салбар байгууллага гурван чиглэл баримтлан ОБЕГ-тай хамтран ажилладаг.

Нэгдүгээрт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд бүртгэгдсэн газар, голомтын байршил, хүчний хэмжээ, эрсдэлийн үнэлгээ зэрэг шуурхай шинжтэй мэдээ хүргүүлдэг.

Хоёрдугаарт, амжиж анхааруулах явдал юм. Хэрэв манай салбарын зүгээс 50-60 секундэд хүчтэй газар хөдлөлтийн дохио авлаа гэхэд гамшгийн талаарх мэдээг шуурхай анхааруулах, мэдээллийг товч тодорхой байлгах нь чухал. Цаг хугацааны хувьд давчуу нөхцөлд урьдчилан сэргийлэх ажиллагаа түлхүү хийгдэх нь мэдээжийн асуудал юм.

Гуравдугаарт, эрдэм шинжилгээний ажил, тандалт, судалгаа, зөвлөгөө, болзошгүй идэвхжилт зэрэг мэргэжлийн салбарын хүрээнд ерөнхий мэдээллээр ханган ажилладаг.

340 барилгын ашиглалтыг хориглох шийдвэр гарсан Байгалийн гамшиг гэдэг тохуу хийх зүйл биш. Манай улсын хувьд хүн амын дийлэнх хувь нь нэг бүсэд төвлөрсөн тул газар хүчтэй “шилгээхэд” нэг л чанар, ашиглалтын шаардлага хангаагүй барилга нурвал хичнээн хүний амь эрсдэх бол гэдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Улаанбаатар хотын барилга, орон сууцны газар хөдлөлтийн тэсвэржилтэд хэрхэн анхаардаг талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндонгоос тодрууллаа.

-Хуучны гэсэн тодотголтой, нурааж, шинэчлэх шаардлагатай хичнээн барилга байдаг вэ. Тоон судалгаа бий юу?

У.Ёндон:  -Нийтийн зориулалтай орон сууц, байшингийн ашиглалтын нөхцөлд 2006 оноос хойш тандалт судалгаа хийсэн. 2014 оноос хойш ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудын жагсаалт гаргасан. Ингээд 2014 онд нэг, 2016 онд нэг, 2017 онд хоёр, 2019 онд нэг гээд, үндсэндээ таван удаагийн шийдвэрээр нийт 340 барилгын ашиглалтыг хориглох тухай улсын ахлах байцаагчын шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн.

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад дийлэнхдээ 1970 оноос өмнө баригдсан орон сууцнууд хамаардаг. Учир нь, үндсэн хийц, бүтээц нь газар хөдлөлийн нормын шаардлага хангахгүй, гадрын болон давхар дундын модон хучилттай, шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй, чулуун суурьтай буюу тухайн үед мөрдөж байсан шаардлага, стандартаараа баригдсан. Гэтэл тэр үеэс хойш шаардлага, стандарт 2-3 удаа шинэчлэгдэж, хуучны барилгууд хэрэглээнээс гарсан. Газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг тогтоож байгаа нь нэгдүгээрт хийцлэлээр яригдана.

Жишээ нь, хуучны барилгууд чанар хангахааргүй ханатай, цонх хоорондын хана болон баганын хэмжээ нь өөр байдаг. Хоёрдугаарт, барилгын үндсэн бүтээцийн материал буюу хана, суурь, дээвэр, хучилт зэрэг нь чанараа алдаж, шавардаж өрсөн тоосго нь багахан чичиргээнд задрах магадлалтай.

-Барилгын хэв шинж хийгээд гадна байдлаар нь ийнхүү шинждэг бол шинээр ашиглалтад орж буй барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг хэрхэн шалгадаг вэ?

-Нэгдүгээрт, тухайн барилгын материалаас нь дээж авч лабораторийн шинжилгээнд өгдөг. Уг шинжилгээгээр тогтоосон чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоож болдог.

Хоёрдугаарт, барилгад биет үзлэг хийх аргачлал болон хуучин барилгыг үнэлэх зааврын дагуу судлахад газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх нь тодорхой гараад ирдэг. Бид энэ судалгаа, заавар дээрээ үндэслэн улсын ахлах байцаагчийн шийдвэрээ гаргадаг. Жишээ нь, 150 орон сууцны ашиглалтыг 2014 оны долдугаар сарын 20-оос эхлэн хориглосон. Ашиглаж болохгүй гэдгийг тогтоосон нөхцөлд ашиглах ёсгүй.

Гэвч энэ барилгуудын ашиглалтыг зогсоосон нөхцөлд оршин суугчдыг хаашаа нүүлгэх вэ гэдэг асуудал тулгардаг. Энэ асуудлыг НМХГ-ийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тогтоол гаргасан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгад ямар арга хэмжээ авахыг Барилгын тухай хууль, Орон сууцны хууль, Шадар сайдын 78-р тушаалаар баталсан дүрэм зэрэгт зааж өгсөн. 2010 онд 110 ерөнхий боловсролын сургуулийн 128 барилга, 60 цэцэрлэгийн 169 барилгад шалгалт хийсэн байдаг. Нийт 29 сургууль, хоёр спорт заал, 51 цэцэрлэгийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болж гэж дүгнэсэн.

Өнөөдрийн байдлаар 97 хувь нь шинэчлэгдсэн. Харин зарим сургуулиуд хэвээрээ байна. Улаанбаатар хот дахь газар хөдлөлтийн идэвхижилт ойртож, хүчтэй газар хөдлөлт болох магадлал үүсэж байгаа гэдэг утгаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөдлөлийн бүсчэллийн баллыг нэгээр ахиулсан. Есөн баллын бүсчлэлд хамаарах газар тун цөөн бий. Ихэвчлэн түүнээс бага байгаа.

 Улаанбаатарт гамшгийн үед хорогдох 90 гаруй байр байдаг Газар хөдлөлттийн болзошгүй эрсдэлд хэрхэн бэлддэг талаар ОБЕГ-ын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Гадаа эсвэл байшин дотор байгаа нөхцөлд газар хөдөлбөл ямар арга хэмжээ авах талаар ОБЕГ-аас гаргасан авран хамгаалах заавар, зөвлөмжид тодорхой заасан байдаг. 2011 оноос хойш ес дэх жилдээ буюу жил бүрийн гуравдугаар сарын дөрөд дэх долоо хоногийн лхагва гараг бүр 16:00 цагт нийслэлд газар хөдлөлттийн сургалт, дадлага зохион байгуулдаг. Үүнд улсаас ямар нэг төсөв мөнгө шаарддаггүй. Аюулын дохио дуугаргаж, иргэдийг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлж, аюулын бэлэн байдалд бэлтгэдэг. Сургалтын үед нүүлгэн шилжүүлнэ гэдэг нь гадаа талбайд цуглуулахыг хэлнэ. Гамшгийн үед иргэдийг аюулаас холдуулан, шилжүүлнэ гэдэг өөр хэрэг. Аймаг, орон нутаг бүр нүүлгэн шилжүүлэх байртай байдаг. Улаанбаатар хотын хувьд нийт 90 гаруй бэлэн тусгай байр бий” гэв.

3,5 болон түүнээс дээш магнитуд хүчтэй газар хөдлөлт 45 удаа болсон 2020 оны 8 сарын 31-ны байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт ойролцоогоор 45000 орчим газар хөдлөлт бүртгэгджээ.

Үүнээс Монгол орны нутагт 3,5 магнитудаас дээш буюу мэдэгдэхүйц газар хөдлөлт 9 сарын 22-ны байдлаар 45 удаа болсноос Улаанбаатар хот орчмын бүс нутагт 3-4 магнитудтай газар хөдлөлт нэг удаа болж өнгөрчээ.

Энэ оны хамгийн хүчтэй газар хөдлөлт 2020.03.20-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 31 км-ийн зайд магнитуд 5.9-тэй болсон байна.

Дээрх баримт, тодруулгаас үзвэл бид гамшигаас урьдчилан сэргийлж, түүнийг зогсоож чадахгүй. Гагцхүү болзошгүй аюул, нөхцөлд бэлэн байж, байшин барилгаа тэсвэртэй барьж, хот төлөвлөлтөө зөв хийж, ашиг шимийн үргэлж сорж, хүртэж байдаг хүрээлэн орчиндоо зөв хандах тун чухал. Энэхүү нийтлэлээр айлган сандраах гэсэнгүй. Байгал эхдээ зөв хандах ёстойг, түүний өмнө хэн ч сөгддөг гэдгийг үлгэрлэн жишээ татлаа.

Бид тогтсон стандартгүй байгалийн бүтээл. Бидний хүрээлэн орчин тогтмол цаг хугацаагүй өөрчлөгдөх байгалийн өнгө. Бидний амьдарч буй цаг уурын нөхцөл байдал тийм гэхийн эцэсгүй байгалийн араншин. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар бий гэдгийн агуу жишээ нь хүн төрөлхтний эх дэлхийдээ гаргаж буй хандлагад байгалийн барьж буй бэлэг юм. Залуу үе бид байгалаа барах биш, бөөцийлж, хайрлах ёстой. Босгосон, байгуулсан технологийн хүчийг басах биш, баяжуулж, зөв хэмнэлийг цохилуулах учиртай.

Бид газар хөдлөлтөд бэлэн үү
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0