Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцох хэлэлцүүлэг болов.
Гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хорооллыг барина. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг 2022-2027 онд 5 үе шаттай хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын 6 шинэ дэд төвд 100 га талбайд барьж байгуулах орлогод нийцсэн, ногоон орон сууцны эко-хорооллын эхний үе шат Баянхошуу болон Сэлбэ дэд төвд хэрэгжих юм.
Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбосон орон сууцаар хангах, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах, агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин бүрдүүлэхийг дэмжих аж. Мөн төсөлд хамрагдах иргэдийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулж, дэд төвүүдэд ажлын байр олноор бий болох зэрэг ач холбогдолтой гэж нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Төслийн танилцуулга уулзалтад нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар болон үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, арилжааны банк, барилгын компанийн төлөөлөл 60 гаруй хүн оролцжээ.
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулав |
|