Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
3 жил өмнө   391
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалга дор “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хуралд Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгүүд, МУИС, МУБИС, ШУТИС, ҮБХИС, ДХИС, МУЭИС-ийн эрдэмтдийн зөвлөл, судалгааны байгууллагуудын төлөөлөл болсон 90 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон юм. Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар оролцогчдод хандан үг хэлэв.  УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж хэлсэн үгэндээ аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу техник, технологийн хөгжлийн эрин үед шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж ажиллахаа онцолсон юм. Түүнчлэн шинэчлэл уламжлалыг хослуулж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлсэн, даяаршлын тавцанд оюун санааны ондоошлоороо түүчээлсэн шинэ үеийн иргэдийг бэлтгэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байлаа. 
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар “XXI зууны Монгол улсын хөгжилд шинжлэх ухаан, соён гэгээрлийн үүрэг”, “Монголын нийгмийг соён гэгээрүүлэхэд одон орон, сансар судлал, геофизикийн шинжлэх ухааны хувь нэмэр”, “Хиймэл оюун ухаан, математикийг нийгмийн соён гэгээрэлд ашиглах нь”, “Нийгмийг соён гэгээрүүлэхэд гадаад орны туршлага, Монголд нэвтрүүлэх боломж”, “Шинжлэх ухааны парадигмийн өөрчлөлт ба гэгээрэл”, “Ажиглалт-Монгол ардын шинжлэх ухаанч сэтгэлгээ” зэрэг 11 өөр сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. 
Дашрамд мэдээлэхэд, “Монголоо мандуулъя” зорилтот аян нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, түүнчлэн соёлын өвийг тээгчид, уламжлалт зан ахуйг түгээн дэлгэрүүлэгчдийг нэгтгэж, дэмжих зорилготой ажээ. Иймд инноваци шингэсэн үйлдвэрлэлийг дэмжиж, шинжлэх ухаанд суурилсан бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тулд олон нийтийн бүтээлч сэтгэлгээ, оюун санааны нэгдмэл үнэт зүйлсийг хөгжүүлэн дэмжихэд өнөөдрийн хуралд оролцогч эрдэмтэн, судлаачдын хувь нэмэр их билээ.
УИХ-ын Тамгын газар болон “Соён гэгээрүүлэгч” телевиз хамтран зохион байгуулсан энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс нэгдсэн санал, зөвлөмжийг гаргаж, олон нийтийн хүртээл болгох юм. 
 
“Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0