Цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг байна. Тиймээс энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог байна. Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж эхэлсэн байна.
Тус хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлэх зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахын зэрэгцээ хамгийн эхний хяналт шалгалт хийгдсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, илүү ачсан ачааг буулгуулах зэрэг арга хэмжээ авч байгаа юм. Тиймээс эхлэлийн цэгээс стандартын шаардлагад нийцүүлэн ачаа тээвэрлэх арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.
Дээрх стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах болсныг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэж байна.
Даац хэтрүүлэн ачиж зам эвдсэн бол жолоочоор хохирлыг төлүүлнэ |
|