Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж малын бэлчээр сүйдэж, тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэнд амьдрах орчинд аюул учирсаар байна. Энэ удаад Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж эхэлсэнтэй холбогдуулан тус нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж олон нийтэд мэдээлэл хийлээ.
Гурван тэс сумын нутаг дэвсгэрт хамааралтай 38 ширхэг уул уурхайн лиценз байдаг аж. Эдгээрээс 25 нь ашиглалтын лиценз бөгөөд 13 хайгуулынх гэдгийг нутгийн иргэд хэлсэн юм.. Нэн даруй Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийлэв.
Гурван тэс сумын иргэн Н.Эрдэнэжаргал ''Гурван тэс сумын гурав, дөрөвдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани өнгөрсөн 2017 оны гуравдугаар сарын хоёрны өдөр манай суманд ирсэн. Бид анхнаасаа энэ компаний хүмүүст үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг хэлж анхааруулсан . Гэсэн хэдий ч нутгийн иргэдийн үгийг үл тоон, биднийг басамжлан доромжилж байна. Би өөрийн биеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд уул уурхайн компанийг нутгаасаа гаргах талаар 880 хүний гарын үсэг цуглуулж өргөдөл хүргэж өгсөн. Өнөөдрийн байдлаар зохих ёсны хариу ирээгүй л байна. Манай сумын иргэдийг авраач гэж эрх мэдэлтэй хүмүүсээс хүсмээр байна'' гэв.
Манай сумын иргэдийг авраач гэж эрх мэдэлтэй хүмүүсээс хүсмээр байна |