АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас жил бүр H-2A, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой улс орнуудыг хэлэлцэн баталдаг. Манай улсын Засгийн газар болон иргэдийн гаргасан хүсэлтэд үндэслэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал хандуулж, 2017 оны тавдугаар сард дээрх журамд Монгол Улсыг багтаах хүсэлтийг Вашингтон руу илгээсэн байдаг аж. Манай улсын хувьд дээрх журамд багтсан хэдий ч H-2В анигиллын визийг ирэх оны гуравдугаар сарын нэгнээс хойш мэдүүлэх боломжтой гэдгийг АНУ-ын элчин сайдын яамны тэргүүн консул Жэйсон Спелберг мэдээлсэн.
H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг тус улсад түр хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрдөг. Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.
Мөн дээрх хоёр визийг мэдүүлэхийн өмнө ажил олгогч нь өргөдөл гаргах зарчмаар ажилладаг. Тухайлбал, АНУ дахь ажил олгогч нь хүсэлт гаргах ба үүнд үндэслэн тус улсын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох, ажиллах хүч дутмаг болохыг баталсан хөдөлмөрийн сертификат буюу гэрчилгээ авна. Уг баримтад тулгуурлан визний зөвшөөрөл олгогдох юм байна.
H-2A визэнд дугаарын хязгаарлалт байхгүй бөгөөд H-2B виз дугаарын хязгаарлалттай. Конгрессоос ойролцоогоор 66,000 мянган ажилчин хүлээж авна гэсэн тоо байдаг. Ажилтан хүлээж авах хугацаа нь тухайн оны 10 дугаар сараас дараа оны 9 дүгээр сар хүртэл хэрэгждэг аж.
Мөн иргэд нь визийг зөв зохистой ашиглаагүй гэсэн үндэслэлээр энэ жилийн жагсаалтаас гурван улс хасагдсан байна.
H-2В визийг ирэх гуравдугаар сарын нэгнээс хойш мэдүүлэх боломжтой |