Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянах хэрэгтэй
7 жил өмнө   738
Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон иргэн Я.Эрдэнэ-Отгон өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зургаадугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Ионсэй их сургуульд ярилцлаганд орохоор тавдугаар сарын 22-нд БЗД-ийн “С” виз мэдүүлгийн төвд виз мэдүүлжээ. 
 
Харин виз мэдүүлгийн төвийн ажилтан н.Гэрэлээ гэгч нь ЭСЯ-ны консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас Ионсэй их сургууль руу залган, Я.Эрдэнэ-Отгоны ярилцлагын цагийг дур мэдэн цуцалжээ. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Ионсэй их сургуулиас явуулсан ярилцлагын цаг бүхий тамгатай албан бичиг дээрх утасны дугаар руу нь ийнхүү ЭСЯ-ны дугаарыг ашиглан залгаж, цагийг нь дур мэдэн цуцалж, эрхэнд нь халдсанд гомдолтой байгаа бөгөөд хариу тайлбар хүсэж байгаагаа Я.Эрдэнэ-Отгон мэдэгдсэн юм. 
 
Тэрбээр виз мэдүүлснээсээ зургаан өдрийн дараа тус мэдүүлгийн төвд хандаж, Ионсэй их сургуулиас ирсэн ярилцлагын цаг бүхий тамга тэмдэгтэй бичиг баримтыг ЭСЯ-руу яаралтай дамжуулж өгөхийг хүсчээ. Дараа өдрийнх нь өглөө уг бичиг баримтыг эгч Я.Эрдэнэсоёл нь хүргэж өгөхөд виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ гэгчид өгөхөд тэр өдрөө ЭСЯ-нд бичиг баримтыг нь өгөөгүй байжээ. Ингээд виз мэдүүлгийн төвд тавдугаар сарын 31-нд нь очиход бичиг баримт дээрх он сарыг нь буруу хараад, хугацаа нь дууссан бичиг баримт хэмээн үзээд буцаагаад авч ирснээ Гэрэлээ хэмээх ажилтан мэдэгдсэн байна. 
 
Ийнхүү өөрийн буруу үйлдлээ хүлээж, зургаадугаар сарын 1-н бүх нийтийн амралтын өдөр хэдий ч хамт олонтойгоо ярилцаад асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө Я.Эрдэнэ-Отгонд хэлжээ. 
 
Амралтын өдөр дуусгаад зургаадугаар сарын 2-нд тэрбээр виз мэдүүлгийн төвийн ажилтан руу залгаж асуухад “Таны асуудлыг шийдвэрлэсэн. Ионсэй сургуульд орох байсан таны ярилцлагыг цуцалсан” хэмээн хариулсан байна. Мөн Ионсэй их сургуулиас таныг ярилцлаганд оруулах боломжгүй гэсэн хариу и-мэйлээр иржээ. 
 
Виз мэдүүлгийн төв хүний бичиг баримтад хариуцлагагүй хандсанаас хоёр жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө нь талаар болсонд гомдолтой байгаагаа тэр хэлээд хүний бичиг баримтыг ашиглаж, дур мэдэн ярилцлагынх нь цагийг цуцалсан хоёр этгээдийг хариу тайлбар хийхийг хүссэн. Мөн цаашид виз мэдүүлэхэд нь ЭСЯ өс хонзонгийн сэдлээр хандахгүй байх боломжийг нээж өгөхийг хүсчээ.
 
“Би хохироод чимээгүй өнгөрч болох ч виз мэдүүлгийн төвийнхний хариуцлагагүй байдлаас болж өөр олон хүн хохирохоос сэргийлэхийг хүссэн. БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааных нь хариуцлагыг дээшлүүлж өгөхөд анхаараасай. Над шиг олон хүн хохирч, хүсэл мөрөөдлөө нураалгасан байх” гэсэн юм. 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
 
БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянах хэрэгтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0