Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр НОБГ-аас аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын мэдээллийг Зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 17-ны хооронд гал түймрийн 47, аврах ажиллагааны 26, нийт 73 дуудлага иржээ. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 40 иргэнийг гаргаж, 12.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна. Мөн аюулт үзэгдэл, ослоос 29 иргэнийг авран хамгаалжээ. Харин он гарснаас хойш объектын гал түймрийн 1169, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 103, нийт 1277 дуудлагад үүрэг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Наадмын үеэр буюу долдугаар сарын 10-13-нд гал түймрийн 10, аврах ажиллагааны зургаан дуудлагаар ажиллажээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд усны ослын 15 дуудлагад ажиллаж, 20 хүний амь аварч, хоёр машиныг татан гаргаж, голын усанд осолдсон есөн хүний /Том хүн зургаа, хүүхэд гурав/ цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ойрын өдрүүдэд түр зуурын бороотой байгаа нь үер, усны аюул болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Иймээс НОБГ-аас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байгааг хэллээ.

Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын дэд дарга, хурандаа Б.Оюутболд баярын амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа. Тэрбээр “Баярын амралтаар гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг НОБГ-тай хамтран зохион байгуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 92 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гол устай газруудаас 17 иргэнийг эрүүлжүүллээ. Гадаадын иргэнтэй холбоотой таван дуудлага ирснийг тухай бүр шийдэж ажилласан. Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг тэр даруй олж өглөө. Хүүхдийг төөрөхөөс сэргийлж, бугуйвч тарааж өгсөн нь үр дүнгээ өгсөн. Олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 1616 алба хаагч ажиллалаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт бага байсан. Баярын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 223, зөрчлийн шинжтэй 4765, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 572 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” гэв.
Хүний аминд халдсан хэрэг гараагүй. Харин 47 иргэн золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ойрын өдрүүдэд түр зуурын бороотой тул үер, усны аюул болох эрсдэлтэй |
|