БНХАУ-ын Жөнжоу хотод байрлалтай “Apple” компанийн гол үйлдвэрт үүсээд буй хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалж энэ онд “iPhone”-ийн “Pro” загварын гар утасны үйлдвэрлэл төлөвлөгөөнөөс зургаан сая нэгжээр дутахаар байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.
Одоогоор үйлдвэрийн нөхцөл байдал хэрхэн эргэх нь тодорхойгүй хэвээр байгаа тул цаашид энэ тоо хэмжээ өөрчлөгдөх боломжтойг мөн дурдсан байна. Тиймээс үйлдвэрийг удирддаг Тайванийн “Foxconn” компани угсралтын шугамыг хэр хурдан хугацаанд хэвийн ажиллагаанд оруулахаас их зүйл шалтгаалахаар болжээ.
Энэ сард COVID-19-ийн халдварын тархалтын улмаас хэдэн долоо хоног үргэлжилсэн хатуу хөл хорио, түүнээс үүдэлтэй хоол хүнсний хомсдолоос болж бухимдсан ажилчид олон мянгаараа тус үйлдвэрийн байрыг орхиод байсан юм. Ингээд зогссонгүй тэднийг нөхөж шинээр ажилд орсон ажилчид цалин ажлын хөлс болон тусгаарлалтын асуудлаас болж үйлдвэр дээрээ бослого гаргасан нь нөхцөл байдлыг улам муутгаад байна.
Жөнжоу дахь үйлдвэрт энэ онд хамгийн эрэлттэй байгаа “Apple”-ийн бүтээгдэхүүн болох “iPhone 14 Pro” болон “iPhone Pro Max” загварын гар утасны эд ангийн дийлэнх хэсгийг үйлдвэрлэдэг аж.
Даваа гарагт “Apple”-ийн нэгж хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 2.6 хувиар унаж, 144.22 ам.доллар хүрсэн нь сүүлийн хоёр долоо хоногийн хамгийн өндөр уналт болоод байна.
Б.Бат-Очир
Жөнжоугийн үйлдвэрт үүссэн нөхцөлөөс шалтгаалж “iPhone Pro”-ийн нийлүүлэлт 6 саяар буурна |
|