Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо
2 жил өмнө   1291
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолт Төрийн ордонд өнөөдөр болов.
 
Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын үеэр  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Монголын маань ирээдүй гэгээн саруул байна гэсэн итгэл үнэмшил маань улам баталгаажлаа. Шавь нараа ийм хэмжээнд хүртэл боловсруулан сургаж, үлгэр дуурайл үзүүлж байгаа багш нарт бас талархах ёстой. Хүүхдүүд та бүхэн өнөөдөр улс оронд өрнөж байгаа үйл явдлуудыг анхааралтай харж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхэн УИХ-аас зохион байгуулах гэж байгаа Зөвлөлдөх санал асуулгын талаарх мэдээллийг авсан байх. Энэ санал асуулгын гол зорилго нь дээр хэлсэнчлэн ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох, тулгамдсан, чухал асуудлуудыг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх арга замыг олох талаар иргэдтэй зөвшилцөхөд оршиж байгаа юм.
 
Иргэд засаглах эрхээ эдэлж, төрийн бодлого, шийдвэр гаргахад оролцоогоо хангаж, соёлтой зөв мэтгэлцэх чадвартай байх нь ардчиллын хөгжлийн нэг чухал хөшүүрэг юм. Нөгөө талаар мэтгэлцээн нь улс төрийн үйл явцыг ойлгож, үзэл бодлоо цэгцтэй илэрхийлэх, эрх ашгаа хамгаалах арга хэрэгсэл болдог.
 
Тэмцээний нэгдүгээр шатад нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс хоёрдугаар шатны тоглолтод шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдсөн юм. Баг тус бүр гурван гишүүнтэй бөгөөд Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тус бүр хоёр, Дорноговь аймгаас гурав, Орхон аймгаас дөрөв, нийслэлээс 34 баг оролцов.
 
May be an image of 6 people and people standing
 
Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн нийт 20 орчим шийдлээр мэтгэлцсэн бөгөөд багууд нийгэмд өрнөдөг асуудлыг Үндсэн хуультай уялдуулан шийдлийг боловсруулах зарчмаар явагдаж, тойргийн тоглолтоор гурван өдөр өрсөлдсөн юм
.
Ингээд тэмцээний аваргын төлөөх тоглолт Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” баг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” багийн хооронд өрнөлөө. Багууд нотлогч болон няцаагч байр сууринаас “Үндсэн хуулийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид тусгай хичээл болгох оруулах нь зүйтэй” гэсэн сэдвийн хүрээнд эн тэнцүү мэтгэлцэв.
 
Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт П.Ундрал, Б.Цэнд-Аюуш, Д.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй Орхон аймгийн “Мэргэд” баг шалгарч, Үндэсний аварга боллоо. Тэмцээний 2 дугаар байрт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Мэйжести” баг шалгарч, Үндэсний дэд аварга болсон бол 3 дугаар байрт “Arete” баг шалгарав. Харин 4 дүгээр байрт “1,2,3” баг шалгарсан бол тусгай буюу шагналт байрт ”Elpis”, “Persevrance”, “Талст”, “Six of wands” зэрэг дөрвөн баг шалгарчээ.
 
Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг илтгэгч”-ээр Орхон аймгийн 5 дугаар сургуулийн “Мэргэд” багийн оролцогч Д.Өлзийсайхан тодорлоо.
ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний тэмцээний аваргууд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0