Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёслолын арга хэмжээнд оролцох үеэрээ Монгол Улс олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгаагаа дэлхий дахинд зарлаж байна хэмээв.
Тэгвэл Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэлж буй энэ өдөр Оюу Толгойн ордыг нээн илрүүлсэн геологич Д.Гарамжав агсныг дурсах учиртай. Гавьяат геологич Д.Гарамжав нь 1967 онд МУИС-ийн геологийн ангийг дүүргэж, зэсийн хайгуулаар мэргэшжээ. Тэрээр 1983 оны 4 дүгээр сард анх Оюу Толгойд ирж, Ханбогд суманд том хуйлрал илрүүлэн судалж байв. Гавьяат геологич Д. Гарамжав агсан Оюу толгойн зэс-алтны бүлэг ордын геологийн гарал үүсэл, тогтоц, эрдсийн нөөц, баялгийн хэмжээг шинжлэн судлах нөр их ажилд амьдралынхаа сүүлийн хорь гаруй жилийг зориулжээ. Тэрбээр эрлийн шалгуур, газрын ховор элементийн талаарх гарын авлага, орчуулгын бүтээлүүд, Оюу толгойн уурхайтай холбогдсон түүхийг өгүүлсэн хоёр дэвтэр зэрэг нийт зургаан бүтээл хэвлүүлсэн юм.
Монгол Улс, Өмнөговь аймаг - Оюу толгойн ордыг нээлцэж, Оюу толгойн зэсийн эрдэсжилтийн илэрцийг анх судалж, тэмдэглэсэн гавьяат Дондогийн Гарамжавын алдраар Ил уурхайг нэрлэн мөнхжүүлэхээр “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр шийдвэрлэсний дагуу Ил уурхай дээр хүндэтгэлийн гэрэлт хөшөөг сүндэрлүүлж байв.
Ц.Оргил
Түүхт энэ өдөр Оюу Толгойн ордыг нээн илрүүлсэн Д.Гарамжав агсныг дурсах нь |
|