Тоос тортогт дарагдсан гутал шар, шархийлгэн алхсаар хойморт ирээд арай ядан тогтох аядав. Өчигдрийг бодвол арай гандуухан харагдана. Нүүр нь барайж, нүд нь ганьхарчээ, харваас ядарсан нь илт. Өндөр хамар, өргөн шанаа, зарим нь цэнхэр, шаргал нүдтэй. Ийм дүр төрхийг энд ирсэн цагаасаа хойш олон харлаа. Миний эх оронд өргөн хавтгай нүүр, ихэвчлэн жартгар нүд, нармигар хамар, цүлхгэр чих, заримдаа наранд шарагдсан болов уу гэмээр хүрэн бор арьс л голдуу таарна. Энд ер нь юм бүхэн сонин, хачин. Ийм ертөнц байдаг үгүй талаар өмнө нь бодож ч байсангүй.
Хэрэв чи намайг сонсдог бол эх орноосоо хэрхэн энд ирснээ ярьж өгье. Хэсэгхэн зуур амрахад чинь хачир болог дээ. Тэд эхлээд бүрээсийг минь тайлж, эсгий туургыг нимгэллээ. Хана тооныг холбосон унийг нэгд нэгэнгүй буулгасаар хурааж тавих юм. Харсаар байтал нүцгэрлээ шүү. Олон мянган жилийн түүхэнд эзэн маань жилийн дөрвөн улирлаа дагаж нүүхдээ биднийг халуун, хүйтэнд тааруулан ийн нимгэлж, бас зузаалдаг ёсон буй учраас эхэндээ ч гайхсангүй. Хэдэн бадриун нөхөд салангид байгаа хэдэн хэсэг биеийг минь сайтар боож, баглаад ачиж гарлаа. Гэтэл яасан гэж санана. Ижил олон нөхөдтэйгөө нэг тэвшин дээр таардаг буян байж. Тэд хэдийнээ зан зангаа мэдэлцэх танилууд болсонд би өнөөх шинэ цэрэг гээч нь юм байх. Тэд бүгд л бид хаашаа зорино вэ гэсэн танин мэдэхүйн асуултыг дор бүрнээ давтацгаана. Би ч өөрөөсөө асуулаа. Энэ олон гэр олоогүй байхад би ч яаж мэдэх вэ дээ. Үгүй ер хаачсан ч яадаг юм гэсэн бардамнал ч төрлөө. Би чинь намхан бөөрөнхий хэлбэртэй учир сайн бэхэлбэл салхи, шуурганд тэсвэртэй. Тойруулан барьсан хана нь газарт сайн сууж өгдөг, үерийн аюулын үед хаяагаа дээш нь шууж ус зайлуулчихна. Гадаа тэсгим хүйтэн ч зузаан эсгий, галласан зуухны ачаар хэсэгтээ л подхийчихнэ. Хэн намайг бүтээсэн бол. Учрах тавилан байвал баярлалаа гээд хэлэх сэн. Түрүүхэн завсар зайгүй хүржигнэж асан машины дуу бага багаар холдсоор, хар эрчээрээ эргэлдэх дөрвөн дугуй хурдаа хассаар жолоо татахад өөрийгөө хөөргөдсөн бодол минь ч салхинд хийсэх аятай замхарч одов оо. Хаана ирснээ мэдэх гэж хэн нэгнийх нь яриаг тосож аваад сонсъё гэхээр олон хүний дуу хоолойнд бүр төөрөлдөх янзтай. Холилдоод ямар нэгэн моторын дуу ч дүнгэнээд байх шиг.
Нэг мэдэх нь ээ, намайг олуулаа дамнаад л явж байна. Саяхныг хүртэл дөрвөн талдаа хашлага давж чадахгүй байсан ч одоо гадаад ертөнцийг танихтайгаа боллоо. Энд онгоц бууж, бас хөөрдөг бололтой. Харин одоо дүүлэн нисэх нь гэсэн бодолтой минь хамт онгоцны ачаа тээвэрт авчирлаа. Ачааны машины тэвш, тэмээний бөх, үхэр тэргэнд л залагдаж үзсэн надад тун ч сонин санагдана. Гэхдээ хаана ч очсон Монголдоо алзахгүй гэсэн бардамнал минь энэ удаад түгшүүрээр солигдчихлоо. Намайг хааш авч явна вэ. Магадгүй энэ салхи намайг сүүлийн удаа илбэж, эвий хүү минь гэсэн шиг бас өмөрч байгаа юм болов уу. Мэддэг сэн бол би үг хэлэхгүй ч сэнгэнэтэл уйлдаг, сэмэртэл урагддаг дотортой юм шүү.
Газардлаа. Мэдээж миний эх орон биш. Уг нь дөн өвлийн хүйтэн болж байгаа ч энд бүгчим агаар үлээж байна. Миний мэдэрдэг өвөл энд хатуудах байж. Гэхдээ би яагаад энд байгаагаа нэг л ухаж өгсөнгүй. Ямартай ч надтай хамт ирсэн олон гэрийг барьж, тэнд нь хэн ч юм бүү мэд, хэн нэгэн нь амьдарч л таарах нь.
Мэдэхгүй дээ юу эсвэл болхидоо ч юм уу эндхийн хүмүүс эхний гэрээ барих гэж тэвдчиж, би ч тэдний хөглөхийг харсаар. “Намайг барихдаа эхлээд баруун хатавчны хананаас эхлэн нар зөв дугуйлан босгож хооронд нь амыг нь нийлүүлэн боодог байхгүй юу. Үгүй ер, та нар амыг нь буруу нийлүүлэх нь үү дээ. Наадхыг чин, бид нохойн ам гэж цээрлэдэг байхгүй юу” гэж их л зандарсан. Гэхдээ энэ бүхэн зөвхөн өөрт минь л сонсогдох нь гаслантай. Харин хаалгыг минь урд зүг рүү харуулж, хазгай муруйгүй тэгш барьсанд багахан онгойв.
Яана даа, цаана нь нэлээд хэд бий дээ гэж бодон бодсоор үдийн нартай золгодог юм байна. Гэхдээ энэ бодолтойгоо удаан явахгүйгээ би тэр нэгэн танил үнэрийг авсан даруйдаа мэдэрсэн юм. Монгол хүн. Бүр олуулаа ч юм. Хилийн дээс алхаад удаагүй ч гэлээ монгол хүнийг хараад цаанаа л нэг өмөлзмөөр. Монголчууд гэсэндээ гэрийг ч ядах юмгүй бариадхав. Би ч за та нар харав уу гээд нэг мушийсхийлээ.
Нутаг нэгтнүүдээ хараад л тайтгарч, эндээ дасмар аядаж байна. Гэвч хоног хугацаа өнгөрөхийн хэрээр монголчуудтайгаа таарах нь багасаж, хүний мөрөөсөл болсныг нуух юун. Миний мэдэхгүй, сонсож ч байгаагүй газруудаас нохой дагуулсан аврагчид ирэх нь өдөр бүр л ихэссээр. Хамт ирсэн төрөл нэгтэн(гэр)-үүд бүгд л эзэнтэй болсон гэнэ. Ядаж эдэнтэйгээ хаяа хаяагаа дэрлэн буусан болохоор аштай юу гэж боддог юм. Эзэд маань өглөө гараад л орой ирцгээдэг. Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа болохоор бүгд л сульдаж ядарсан, сулхан дуутай орж ирцгээдэг. Тэдний зовхи нь буусан нүдэнд баяр, гуниг тэнцүүхэн хурсан харагддаг. Арга ч үгүй биз дээ дэлхий нийтийг савлуулсан энэ газар хөдлөлтөд эндхийн байшин барилга олноор сүйдэж, хүн ардынх нь сэтгэлд ямар их шар ус хуруулсан бол. Монгол гэрийг бараадсан хэнийг ч болов жиндүүлчихгүй байж, сэтгэлийн илчийг нь нэмэх сэн гэсэн яриа бид(гэр)-ний яриа харь хүмүүст бүр дасгаж орхижээ. Айлд зочин морилж ирэх бүрийд монголчууд хаалгаа дэлгэн угтдаг ёсыг хүний нутагт ч “амьтай” л байлгаж байна хэдэн гэр нь. Удахгүй манайхан нутаг буцна.
Цөөн хэдий ч энэ өдрүүдэд нутгийн эзэд монгол ахан дүүс минь гэж хаа сайгүй л шагширч, магтах юм. Хүнд тус илүүддэггүй болохоор аваад үлдээч гэж хүсэх нь ч дамжиггүй. Дааж авсан үүрэг тогтсон цаг хугацаатай тул тэд маань буцах л байх. Түүхээ эргэж нэг харвал, бид чинь дэлхийд даяарчлалыг авчирч байсан түүхтэй ард түмэн. Энэ хүнд, хэврэг цаг үед цэнхэр гарагийн иргэд улам л амь нэгтэй болж, уур амьсгал ойртож байгаагийн бодит жишээ нь та бид өөрсдөө. Эх орон, ижий аавдаа тэврүүлэхээр Монголоо зориход нэр төр, бүтээсэн түүх чинь энд надтай хамт үлдэг. Бид эндээ баатарлаг үйлсийн чинь дурсгал болж үлдье. Бүдгэрэх үед ой санамж нь байя. Хариуд нь төв азийн цээжинд орших төвшин амгалан Монголоо гэж сүсэлье, биднийгээ битгий мартаарай.
Сэтгүүлчийн үг:
Үгэн дотор үг гэдэг шиг энэ үйл явдал бидэнд ч хамаатай. Хүүхдийн тоглоомын талбайгүй, өөр хоорондоо нар үзэх зайгүй шахам бие биеэ давж сүндэрлэсэн, чанарын стандартын шаардлагад тэнцэх үгүй нь эргэлзээтэй энэ олон орон сууц. Тэнд аж төрж, амьдарч байгаа иргэдийн хувь заяаны талаар бодохгүй өнгөрч чадахгүй нь. Нийслэл хотын чанаргүй барилгууд бол ердөө л шигүү байршсан, бетонон ширэнгэ.Тэгээд хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй юу гэдэг нь эргэлзээтэй. Даалуу шиг нураад унахыг үгүйсгэхгүй. Горыг нь хүний алтан амь л төлнө. Туркийн жишээ бол бидэнд өгч буй нэг сануулга, сургамж ч байж болно.
Барилгын норм стандартыг мөрдүүлэх ажил зөвхөн цаасан дээр үлддэг бус, буух эзэн буцах хаягтай болгож эзэншүүлмээр юм. Нөгөө талдаа улсын комисс шинэ барилгуудыг хүлээж авахдаа, тулхтай үзэж, тулж ажилладаг байя.
Туркийг зорьсон монгол гэр (Хүншүүлэл) |
|