УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар С.Одонтуяа гишүүнээс Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд хандаж Монгол Улсад баригдсан болон баригдаж буй орон сууц, барилга байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй эсэх талаар тавьсан асуултын хариуг сонслоо. Асуулгын хариуг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо танилцуулав.
Улсын хэмжээнд олон нийтийн 18422 барилга байгууламж ашиглагдаж байгаагаас нийслэлд 9821, аймаг орон нутагт 8621 байгаа аж. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2002 оноос өмнө баригдсан орон сууцны 672, олон нийтийн 272 барилгад бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргаж паспортжуулсан байна.
Нийт 399 орон сууцны барилгаас 377-д нь Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаар ашиглахыг хориглосон шийдвэр гаргуулж, 61 барилгыг буулган, дахин барилгажуулах төслүүд хэрэгжиж байна. Олон нийтийн барилгын хувьд ашиглахыг хориглосон шийдвэр тухай бүр гарч, энэ шийдвэрийн дагуу 2023 оны байдлаар 17 барилгыг буулгасан гэсэн мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайд Ө.Золбоо өглөө.
Барилга байгууламжийн техникийн улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагаас 2022 онд улсын хэмжээнд ашиглагдаж байгаа сургууль 1015, тэдгээрийн барилга байгууламж 1418, цэцэрлэг 1453, тэдгээрийн барилга байгууламж 1367, эмнэлэг 592, тэдгээрийн барилга байгууламж нь 839 бөгөөд нийт 3624 барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийжээ. Судалгаанд хамрагдсан 3624 цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламжуудын ашиглалтын нөхцөл байдлаас үзэхэд улсын хэмжээнд их засвар хийж, хүчитгэх шаардлагатай 230, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 42 барилга байгууламж байна. Эрсдэлийн үнэлгээний байдлаар нь авч үзвэл улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 84 барилга байгууламж их эрсдэлтэй, 394 нь дунд, 262 нь бага эрсдэлтэй гарсан тоон үзүүлэлтэй байгаа аж.
Ө.Золбоо: Улсын хэмжээнд газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй 42 барилга бий |
|