Бат бөх харилцаатай гэр бүл бол тогтвортой нийгмийн үндэс юм. Харин сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж, энэ асуудал хурцаар хөндөгдөж байна. Иймд энэ сэдвийн хүрээнд Гэр бүлийн судалгаа боловсролын үндэсний хүрээлэн ТББ-ын захирал судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
Гэр бүл гэдэг ойлголтыг хамгийн энгийнээр юу гэж тодорхойлох вэ?
-Хамгийн энгийнээр бол хамтын зорилго, алсын хараа, хамтын тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, жаргал зовлон, үүрэг хариуцлага гэж хэлнэ. Монгол Улсын төрөөс Гэр бүлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт “Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, ёс уламжлал, өвлөгдөн шинэчлэгдэж байдаг бичил ёсны үнэт ахуй юм” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс авч үзвэл хүний хүмүүжил, төлөвшил, нийгэмшил, соёл, ёс суртахуун, зан ааш, дадал зуршил нь гэр бүлийн орчинд бүрэлдэж бий болдог гэдгийг харах боломжтой юм. Дэлхийн улсууд ч гэсэн нийгмийн бодлогын төвдөө хүний хөгжлийн асуудлыг хамгийн чухалчилж авч үздэг. Товчхондоо хүний хөгжилд суурилсан нийгмийн бодлогыг хэрэгжүүлдэг гэсэн үг. Хүн нь хөгжсөн нийгэмд хэн нэгнээс хамаарахгүйгээр асуудлуудаа өөрсдөө шийдээд явчих боломжтой. Ерөнхийдөө иргэнээ чадваржуулах нь маш чухал байдаг. Шинжлэх ухааны хувьд бол нийгэм, эдийн засаг, сэтгэл зүй, хууль зүйн хувьд харилцан бие биеийнхээ өмнө үүрэг хүлээсэн нэгдмэл ахуй амьдралтай бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэдэг. Монголчууд эртнээс биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж сургадаг. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө өмнө үүрэг хүлээж сурчхаад дараа нь бусдын өмнө, түүний дараа төр улс, ард нийтийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэдэг философийг урьтал болгодог байсан байх нь. Тэгэхээр гэр бүл гэдэг бол аливаа улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, цаашлаад нийгмийн хөгжлийн үндэс суурь болсон чухал институт юм. Хэл соёл, ёс заншил уствал тэр үндэстэн мөхдөг. Тэгвэл хэл, соёл, ёс заншлыг дараа үеийнхэндээ өвлүүлж, уламжлуулдаг орчин нь гэр бүл юм. Энэ утгаараа улс үндэстний оршин тогтнохуйн үндэс нь яах аргагүй өрх гэр бүл юм. Тиймдээ ч монголчууд өрх гэр үүсгэх, гэрлэхийг төрийн ёстой адилтган үзэж, ёслол төгөлдөр үйлддэг нь учиртай. Гэр бүл амгалан бол сэтгэл амгалан байдаг.
Сүүлийн жилүүдэд залуус сэтгэл хөөрөлдөө хэт автсаных ч юм уу, амьдрал үргэлж дардан, өөрсдийнх нь дураар байна гэсэн төсөөлөлтэйгөөр гэр бүл зохиож байна. Ийм гэрлэлт заримдаа тийм ч урт настай биш бололтой?
-Өнөөдөр Монгол Улсад гэр бүлийн өмнө тулгамдсан олон асуудал байгаагаас хамгийн ноцтой нь гэрлэлт цуцлалт буюу гэр бүлийн тогтворгүй байдал юм. Жилдээ 4000 гаруй гэр бүл шүүхээр гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгаа бий. Үүний цаана тодорхой хугацаанд хамтран амьдраад шүүхээр ороогүй салсан тохиолдол цөөнгүй бий. Гэрлэлт цуцлалтын байдлыг харвал хамт амьдарч эхэлснээс хойш эхний тав болон 15 жилээс хойш салалтын тоо өндөр байгаа. Энэ нь гэр бүлийн амьдралын мөчлөгтэй холбоотой. Залуу хосуудын хувьд эхний таван жилд салах магадлал маш өндөр байдаг. Яагаад гэвэл хоёр өөр орчинд төрж өссөн, өөр, өөр үзэл бодол, итгэл үнэмшил үнэт зүйлтэй эсрэг хүйсийн хүмүүс хамт амьдрах тэр мөчөөс эхлээд нэгдэл нягтрал, дасан зохицол явагдах ёстой. Хэдий чинээ нэгдэж, нягтарч, дасан зохицож чадна тэр хэрээрээ бат бөх гэр бүлийн суурь тавигддаг. Гэтэл эхний таван жилд энэ процесс сайн явагдаж чадахгүй бол салдаг. Нэг ёсондоо залуучууд гэр бүлийг хамтын үүрэг хариуцлага гэж харахгүй байна. Тэд жам ёсны зүйл, хайртай хүнтэйгээ аз жаргалтай, ямар ч зовлон бэрхшээлгүйгээр амьдарна гэж ойлгодог. Амьдралд тулгарах бэрхшээлүүдийг хамтдаа даван туулна гэсэн үүрэг хариуцлага, ёс суртахуун, ухамсар өнөөгийн залуучуудад дутагдаж байна. Хажуудах хүнээ байгаагаар нь хайрлаж чаддаггүй, өөртөө нийцүүлэх гэж оролддог. Чи ийм байх ёстой, би ийм эхнэртэй болохыг хүсэж байна гэхчлэн өөрийнхөө хүсэл мөрөөдлийн хүнийг өмнөө гаргаж тавьдаг. Хамт амьдарч байгаа хүнээ нөгөө төсөөллийн хүнтэйгээ харьцуулж эхэлнэ, болохгүй бол салчихна гэдэг. Гэтэл яг үнэндээ гэр бүл болж хамт амьдрахад хамтын тэсвэр тэвчээр, хамтын үүрэг хариуцлага, дэргэдэх хүнтэйгээ дасан зохицох, хүлээн зөвшөөрөх тухай асуудал хамгийн чухал. Харамсалтай нь залуучууд үүнээс илүүтэй өөрийн эрх ашиг, эрх дураараа байхыг чухалчилж байна. Судлаачид бидний харж байгаагаар цаашид гэрлэлт цуцлалт ялангуяа залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байгаа. Учир нь өнөөгийн залуусын бусадтай зохицох, бусдыг хүлээн зөвшөөрөх чадвар маш сул. Ганцаараа, өөрийнхөөрөө, хараат бус байхыг эрхэмлэдэг болж эхэлсэн нь санаа зовоож байна.
Гэр бүлд үүсэж байгаа хоёр дахь томоохон асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Өрх гэрийн гишүүдийн хэн нэгэн нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгах, эдийн засаг, сэтгэл зүй, бие махбод, бэлгийн дарангуйлал үйлдэхийг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийг дэлхий даяар хамгийн харгис гэмт хэрэг гэж үздэг. Яагаад гэвэл хамгийн ихээр хайрлах ёстой ойр дотнынхоо хүний эрхэнд нь халдаж байгаа учраас. Тийм учраас хамгийн хатуу шийтгэлийг оногдуулдаг. Гэтэл монголчуудын зарим хэсэг нь хэвийн үзэгдэл мэтээр ойлгох нь бий. Бусдын эхнэрийг алгадаж болохгүй, өөрийнхөө эхнэрийг алгадаж болно гэдэг ч юм уу. Гэтэл энэ хүний эрхийн ноцтой зөрчил. Гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлах, хүндлэх хамгаалах гээд ёс суртахууны хамгийн дээд хэмжээг л тогтоох болохоос зовоох ёсгүй. Хүчирхийлэгч нь хэн бэ гэхээр, хоёр төрлийнх. Эхнийх нь элит арслан хэв шинжийн буюу илт харагдаж мэдрэгддэг, хүчирхийлэгч, дарангуйлагч гэдгээ нуудаггүй, өөрийн үзэл бодлыг шууд тулгадаг бидний хэлж заншсанаар цайчихсан гэж ярьдаг тийм хүмүүс. Ёс суртахуун хүмүүжил төлөвшлийн доголдолтой, байнга хүчирхийллийг харж, мэдэрснээр хохирогч болж, улмаар өөрийгөө хамгаалах зорилгоор байнга тэмцэгч, өшөө авагч авир араншинтай болж өссөн хүмүүс ийм хэв шинжтэй болдог. Хоёр дахь төрлийн хүчирхийлэгч нь хав арслан хэв шинжийн хүчирхийлэгч байдаг. Найз нөхөд, төрөл төрөгсөд гээд бусдын өмнө их томоотой, тусархуу уриалгахан хүн болчихно. Гэтэл гэртээ зовлонгийн гол шалтгаан нь байдаг. Мөн л багаасаа хүчирхийлэлтэй орчинд, гадуурхагдаж шоовдорлогдож өссөн учраас бусдад ая тал засах зантай ч далд ухамсартаа хүнд дээрэлхүүлэхгүй, хүний дээр байх ёстой гэсэн итгэл үнэмшлээсээ болоод хүчирхийлэгч болчихдог. Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлэх магадлал 70 хувь гэсэн үг. Энэ гинжин холбоог тасалж хаяхгүй л бол гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд байсаар л байна.
Хосуудын дунд харилцааг идэвхтэй, шинэ хуучнаар нь зааглаж авч үзэх хандлага байна л даа. Энэ яг юуг хэлээд байна?
-Гэрлэлт гэдгийг хэтэрхий романтик, аз жаргалтай байдлаар төсөөлж байгаатай л холбоотой. Хүлээх хүлээлт, бодит амьдралын зөрүүнээс болоод сэтгэл дундуур байдалд ордог. Дээр хэлсэнчлэн хамтын үүрэг хариуцлага, оюун санаа, эдийн засгийн бүх зүйлээ хуваалцаж, насан туршдаа амьдарна гэсэн хариуцлага хүлээж байгаа асуудал байхгүй юу. Гэтэл залуучууд үлгэрт гардаг шиг өдөр бүрийн аз жаргалтай амьдралыг бодоод гэрлэлтийн талаар буруу төсөөлөлтэй явдаг. Энэ буруу төсөөллөөс болоод амьдралд тохиолдох бэрхшээлээ давж чадахгүй шантарчихдаг. Хосууд нэг нэгнээ олоход хайр хамгийн чухал хүчин зүйл. Харин гэр бүл зохиогоод явахад өдөр тутмын амьдралд тийм гоц, гойд зүйл тохиолдоно гэж байхгүй шүү дээ.
Залуус гэр бүлийн боловсролыг ихэвчлэн ямар эх сурвалжаас авч байгааг бас хөндөх учиртай юм байна?
-Гэр бүлийг тогтвортой, хэвийн харилцаатай авч явахад шаардлагатай мэдлэг, чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэдэг. ЮНЕСКО-гоос ч үүнийг хүний насан туршийн боловсрол, амьдралын чанарын хамгийн чухал үзүүлэлтийн нэг юм гэж зарласан. Дэлхийн олонх улс орон залуучууд, өсвөр үеийнхнийг гэр бүлийн амьдралд бэлтгэх, боловсрол олгох үйл ажиллагааг боловсролын тогтолцооныхоо нэг хэсэг болгож хуульчлаад хэрэгжүүлж байна. Дэлхий дахинд гэр бүлийн боловсрол олгох гурван чиг хандлага байдаг. Нэгдүгээрт уламжлал, соёл ёс заншлаараа дамжуулж гэр бүлийн амьдралд бэлдэж байна. Хоёрдугаарт суурь болон дээд боловсролын системийн тусламжтайгаар албан ёсоор олгож байна. Гуравдугаарт албан бусаар насан туршийн боловсролын нэг хэсэг болгон олгодог ийм чиг хандлага байдаг. Монгол Улсын хувьд гэр бүлийн боловсрол олгох үйл явц маш хангалтгүй байгаа. Өнөөдрийг хүртэл монголчууд гэрийн хүмүүжил буюу сургаалаар дамжуулж, хүүгээ төрийн хүн болгоно, охиноо эх хүн, эзэгтэй болгоно гэж бэлдэж иржээ. Гэтэл нүүдэлчид суурин амьдралын хэв маягт шилжсэнээр хөдөлмөр төвтэй гэр бүл бий болж, гэрийн хүмүүжлийн ач холбогдол буурсан. Ингэснээр хүүхдээ сургаж, хүмүүжүүлэхийг боловсролын байгууллагад даатгадаг болсон. Гэтэл аль ч шатны боловсролын байгууллага академик сургалтыг голчлохоос биш хүнийг амьдралд бэлтгэх, төлөвшүүлэх үйл явцыг орхигдуулчихсан. Их, дээд сургуулиудад гэр бүлийн боловсрол олгодог сургалт дэлхий дахинд байгаа боловч манай улсад харамсалтай нь байдаггүй. Миний хувьд 2012 оноос эхлээд ОУУБИС-ийнхаа бүх мэргэжлийн ангиудад “Гэр бүлийн боловсрол” гэдэг 30 цагийн хичээлийг тасралтгүй 10 жил зааж байгаа. Энэ нь Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимд багшлахаас гадна ТББ-ынхаа хүрээнд нийгэмд чиглэсэн ажлуудыг 20 орчим жил хийж байна. Энэ хүрээнд залуу гэр бүлд боловсрол олгох модуль боловсруулж, видео контентуудыг хийснээс гадна “Гэр бүлийн боловсрол” сэтгүүлийг 2016 оноос жилд дөрвөн дугаар хэвлэж олон нийтэд хүргэсэн. Энэ ажлууд мэдээж бүх хүнд хүрэх боломжгүй ч аль болох хүртээмжтэй байх талаас нь бодолцож ажиллаж байна.
Нэг зүйлийг чухалчилж хэлэхэд, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг даруй батлах хэрэгтэй. Энэ хуулийн төсөлд гэр бүлийн боловсрол олгох үйл явцыг боловсролын тогтолцооны салшгүй нэг хэсэг болгох тухай зүйл заалтууд нь орчихсон. Өмнөх төслүүдэд ажлын хэсэгт орж ажилласан, сүүлийн төсөлд саналаа өгсөн. Энэ хуулийг УИХ батлах сонирхолгүй бас яагаад гэдгийг нь судлаачид бид гадарласан. Бусад хуулийг маш хурдан баталчихдаг хэр нь Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт дөрвөн парламент дамжаад ч батлагдсангүй.
Залуус ихэнхдээ ямар асуудлаар танд хандаж, зөвлөгөө туслалцаа хүсдэг вэ?
-2006 оноос хойш тасралтгүй гэр бүлийн зөвлөгөө өгч байна. Хосуудын ярьж байгаа асуудлууд өөр мэт боловч судлаачийн байр сууринаас үзэхэд цөөн хэдэн нийтлэг учир шалтгаантай. Нэгнийгээ байгаагаар нь хүлээн авч чадахаа больсон, нөгөө л дасан зохицох, хүлээн зөвшөөрөх чадвар, нэгдэж нягтрах, нэг талдаа гарах чадвар сул байна. Ийм зөрчилтэй харилцаа түгээмэл байдаг. Мөн хардалт, үнэнч бус байдал газар авсан.
Нийгэм цаг үеэ дагаад орчин үеийн гэр бүлийн онцлог хэв шинж ямар болсон бэ?
-Монгол гэр бүл бол дэлхийн гэр бүлийн нэг хэсэг. Дэлхий дахинд соёлын даяарчлал маш хүчтэй явагдаж байна. Бидний үндэстний дархлаа бол нүүдлийн амьдралын хэв маяг, соёл уламжлалд нэвт шингэсэн байсан. Айлын эзэгтэй өглөө босоод өрхөө татаад, цай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөөд, дараа нь эр нөхөртөө аягалдаг. Нүүдэлчин монгол айлын өглөө ингэж эхэлдэг. Тэр таван ханатай гэрт хэн хаана суух, хэнтэй юу гэж ярих уу, хэний хувцас хаана байх вэ гээд бүгд дэг жаягтай. Айл гэрт аавын малгай, бүс нь хоймор байдаг. Өнөөдөр байшинд гэрийн эзэн орж ирээд хаалганы хажууд өлгүүрт малгайгаа өлгөдөг. Үндсэндээ хатавчнаасаа малгайгаа өлгөж байна гэсэн үг. Өнөөдөр амьдралын хэв маяг хотжилтоо дагаад өөр болсон. Монгол гэр бүлийг зөвхөн аав ээж, хүүхдүүдээр харж, төлөөлүүлж ойлгохоо больсон. Өрөөсгөл, олон соёлт, улс дамнасан, ижил хүйстэн, хуулиар зөвшөөрөөгүй ч олон эхнэртэй гэр бүл гээд олон янзын хэв шинжтэй байгаа. Тиймээс энэ олон гэр бүлд тохирсон арга зүй шаардлагатай.
Сүүлийн үед ялангуяа манай олны танил эрхмүүд гэр бүлийн амьдралд болж өрнөсөн үйл явдлаас үүдэлтэй гомдол харуусал, үзэн ядах сэтгэлээ цахим орчинд цухалзуулдаг болж. Түүнийг нь ч олон нийт идэвхтэй сэвэх юм?
-Нэг хэсэг нь өөрийн гэр бүлийн ёс суртахуунгүй байгаагаа олон нийтэд мэдээлэх, түүгээр дамжуулан сайн, муугаар хамаагүй танигдах сонирхолтой байна. Энэ нь маш буруу жишиг. Яагаад гэвэл залуучуудад ингэж болдог, байдаг л зүйл юм байна гэсэн сэдэл өгдөг. Хар бараан зүйлд хүмүүсийн сэтгэхүйг дасгаад байгаа байхгүй юу. Түүнийг нь хүлээж аваад, дэмжээд байгаа масс бас ёс суртахуунгүй харагддаг. Амт чанартай мах, өмхий мах хоёр байлаа гэж бодоход хортой руу нь хошуураад байгаа хүмүүс нь муу мэдээнд дурлагчид. Өнөөдөр жаргалтай байх, эсвэл уур бухимдалтай байх нь тухайн хүний л асуудал. Хүн амьдралаас юу шүүрч авахаа сонгож чадахгүй байгаа нь ухамсар, хандлагатай холбоотой. Ер нь нийгмийн хамгийн эрүүл хэсгийнхэн бол дундаж давхаргынхан. Нийгмийн дээд болоод доод давхаргынхан ёс суртахуун, харилцааны хувьд ч тэр эрүүл бус хэсгийнхэн. Тийм учраас улс орнууд дундаж давхаргаа нэмэгдүүлэх бодлого барьдаг. Ер нь бол нийгмийн бүтэц ваар хэлбэртэй байх ёстой. Амсар хэсэг нь дээд, ваарын цүлхийсэн хэсэг нь дундаж, доод давхаргынхан ёроол хэсэг шиг байвал нийгмийн бүтэц нь зөв байна. Харамсалтай нь манайд яг элсэн цаг шиг болчихсон. Дундаж давхаргынхан буюу эрүүл хэсэг нь улам л цөөрөөд байна. Гэр бүлийн тогтвортой байдал гэдэг нь тухайлсан яам, агентлагийн хариуцах ёстой асуудал биш. Энэ бол салбар дундын бодлогын асуудал. Үүнд нийгмийн бүх салбарынхан анхаарах ёстой. Зэвсэгт хүчний хувьд ч мөн адил анхаарах нь чухал. Манай төрийн бус байгууллага 2022 оны 3 дугаар сард ЗХЖШ-тай гэрээ байгуулж, энэ хүрээнд Зэвсэгт хүчний нэлээд хэдэн ангид гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан. Сургалтын явцад бие бүрэлдэхүүн нь энэ талын мэдлэг, мэдээллээр цангасан байгааг анзаарсан. Тэгэхээр энэ асуудалд илүү анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Ялангуяа Зэвсэгт хүчний хэмжээнд хувь хүн болон гэр бүлд чиглэсэн мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээ чухал санагдсан. Хугацаат цэргийн алба хаагчид болон офицер, ахлагч нарыг эх орноо батлан хамгаалах үйлсэд сэтгэл зүйн хувьд бэлтгэх, цэрэг, дайны ажиллагааны үеийн сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж ажиллах нь мэдээж салбарын сэтгэл зүйн хангалтын чухал үйлчилгээ байх. Гэхдээ өнөө үед тухайн салбар хүндээ, хүүхдэд, гэр бүлд ээлтэй байх сэтгэл зүйн үйлчилгээг орхигдуулж болохгүй юм.
Гэр бүл салснаар хүүхдийн хүмүүжлийн хөгжилтөд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүүхэд хүмүүжих, төлөвших, нийгэмших гэдэг гурван чухал хүчин зүйлийг дамжиж бие хүн болдог. Түүний суурийг тавих анхдагч орчин бол гэр бүл. Сэтгэл зүйн хэрэгцээ нь бүрэн хангагдсан тохиолдолд хүүхдийн хөгжил хэвийн явагддаг. Сэтгэл зүйн хэрэгцээний хамгийн эхэнд хайрлуулах, хамгаалуулах, аюулгүй байгаагаа мэдрэх. Дараа нь өөрийгөө хүндлүүлэх, илэрхийлэх, үнэ цэнтэй гэдгээ мэдрэх, ирээдүйдээ болон бусдад итгэж, найдах, тоглох баясах зэрэг сэтгэл зүйн хэрэгцээнүүд байдаг. Гэр бүл хүчирхийлэлтэй, хэн хэгэн нь ямар нэгэн архины хамааралтай, эцэг эх нь салах гэх мэт таагүй уур амьсгал бий болоход хүүхдийн суурь сэтгэл зүйн хэрэгцээ нь бүрэн хангагдаж чаддаггүй. Ингэснээр дараа дараагийн хэрэгцээнүүдэд асуудал үүсдэг. Эцсийн дүндээ хүүхэд сэтгэл зүйн хувьд гэмтэл буюу трауматай, дутуу дулимгийн мэдрэмжтэй болж өсдөг. Сэтгэл зүйн хэрэгцээ хангагдаагүй бол насанд хүрсэн хойно нь бие хүний сэтгэцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, амьдралд тохиолдох бэрхшээлийг даван туулж чадахгүй бууж өгөх, би ямар азгүй юм бэ гэсэн сэтгэлийн шаналалд унадаг. Тиймээс томчууд бид хүүхдээс хүүхэд насыг нь хулгайлмааргүй байгаа юм. Хүүхэд насыг хулгайлна гэдэг бүх амьдралыг нь хулгайлж байгаагаас өөрцгүй. Италийн нэрт сурган хүмүүжүүлэгч, Нобелийн хоёр удаагийн шагналт эрдэмтэн Мария Монтессори “Та хүүхдийнхээ зүрх сэтгэлийг хамгаал. Тэгвэл таны хүүхдийн бүх амьдрал хамгаалагдах болно” гэж хэлсэн байдаг. Харин монголчууд "хурга байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байдаг" гэж хэлдэг. Хүүхэд насны хэрэгцээ хангагдаагүй бол насанд хүрэхэд хэцүү гэдэг санаа болохоос биш хоол ундны асуудал бол огт биш.
Гэр бүлийг тойрсон асуудлуудыг бусад улс хэрхэн авч үздэг вэ, зарим орны жишиг туршлагаас сонирхуулахгүй юу?
-Скандинав, Австрали, Ази, Америкийн орнуудын гэр бүлийн талаар баримталж буй бодлого, үйлчилгээний сайн туршлага олон бий. Хамгийн сайн мэдэхээрээ БНСУ-ыг онцолмоор байна. Тус улс Гэр бүл, жендерийн яамтай. Яамных нь харьяа Эрүүл гэр бүлийг дэмжих төвүүд ажилладаг. Гэр бүлд чиглэсэн ажил, үйлчилгээнүүдийг мэргэшсэн ТББ-уудаар гүйцэтгүүлдэг. Миний хувьд Солонгост очиж энэ чиглэлээр дагнасан сургалтуудад хамрагдаж байсан. Яг гэр бүлийн хэрэгцээнд суурилсан, төрөлжсөн үйлчилгээнүүдийг хөгжүүлсэн улс юм билээ. Жишээлбэл, олон Соёлт гэр бүлийг дэмжих төв гэдэг нь Солонгос хүнтэй суусан гадаад иргэд, тэдний хэл соёл, хамтын нийцэлд зориулсан сургалт зөвлөгөө өгдөг. Хавдар өвчнөөр өвдсөн хүмүүсийн ар гэрт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төвүүд байна. Мөн залуу, дунд насны гэр бүл, эцэг эхчүүдэд чиглэсэн гээд маш олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Дээрээс нь гэрлэлт цуцлалтын асуудалд Солонгос Улс нэлээд хатуу ханддаг. Гэрлэлт цуцалсан тохиолдол хүүхдийг эцэгт нь өгдөг хуультай. Хүүхдээ өөр дээрээ авах, асран хамгаалах боломжгүй, хүндэтгэн авч үзэх шалтгаантай бол ээжид нь өгөхөөс бусад тохиолдолд аав нь өөр дээрээ авдаг. Эцэг хүн хүүхдээ аваад салах, эх нь хүүхдээсээ салах аль алинд нь хүнд тусна. Энэ нь маш чухал бодлого. Гэрлэлт цуцалсны дараа хүүхдээ аваагүй талын аав, ээжийн хүүхдэдээ зориулах цагийг мөн хуульчилж өгсөн байдаг.
Парламентын хувьд хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахгүй байх сонирхолтой байна гэж хэлсэн. Манай улсын гэр бүлийн асуудал төрийн бодлогын гадна үлдчихлээ гэж үзвэл төрөөс хамааралгүйгээр бид өөрсдөө юу хийх ёстой вэ?
-Залуучууд амьдралынхаа өмнө хариуцлага хүлээх чадвартай байх хэрэгтэй. Бүх асуудлыг төр засаг шийднэ гээд суумааргүй байна. Ялангуяа гэр бүлийн асуудлаа төр засаг шийдэж өгөхгүй байна гэж үзэх нь бас хоёр талтай л юм. Та бусдыг хайрлаж, тэдэнд хайрлагдаж, амьдралаа аз жаргалтай авч явмаар байвал чадах чинээгээрээ хичээх нь чухал гэж хэлмээр байна. Түүнээс биш таны амьдрал бусдаас бүрэн хамааралтай байх нь зохимжгүй.
Ер нь бид гэр бүл төлөвлөхөд юунд хамгийн их анхаарвал зохих вэ?
-Гэр бүл төлөвлөлт гэдэг хосууд, нийгэм эдийн засгийн байдалтайгаа уялдуулаад хэдэн хүүхдийг, хэдэн жилийн зайтай төрүүлэх вэ, жирэмслэхээс хамгаалах ямар аргыг хэрэглэх вэ зэргээ шийдэх арга зам. Гэтэл сүүлийн үед гэр бүл төлөвлөлтийн асуудал тийм оновчтой биш байгаагаас үүдэж сөрөг үр дагаврууд гарч байна. Энд тэмдэглэхэд, 5, 10 жилийн дараа манай өрхийн санхүү ямар байх, үүрэг хариуцлагаа яаж хуваах, хэрхэн биелүүлэх, хаана амьдрах гэдэг гэр бүлийн хөгжлийн асуудлыг авч үздэг ухагдахууныг гэр бүлийн менежмент гэдэг. Эхнээсээ залуучууд гэр бүл төлөвлөлт, менежмент буюу хөгжлийн төлөвлөгөөгөө хэрхэн гаргах нь чухал болоод байна. Манай байгууллага энэ талын сургалтуудыг тогтмол явуулсаар ирсэн. Жишээлбэл, гэр бүлийн хил хязгаараа яаж тогтоох юм. Найзыгаа гэр бүлдээ оруулаад нөхрөө, эхнэрээ алдчихсан тохиолдлууд байдаг шүү дээ. Ээж, аавдаа юуг ярьж болох, болохгүй, гэр бүлийн амьдралын соёл гэж яг юу, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгарах онцлог гэхчлэн олон талын хүчин зүйлсийг бодолцох нь байна шүү дээ. Бид энэ талын мэдлэг, мэдээллийг цогцоор нь олгож байна. Залуу хосуудын амьдралд өөрчлөлт, дүр дүнгүүд ч гарсаар байгаа.
Ц.ОРГИЛ
Б.Оюун-Эрдэнэ: ЗАЛУУС ГЭРЛЭЛТЭЭС ХҮЛЭЭХ ХҮЛЭЭЛТ ГЭРЛЭЛТИЙН БОДИТ ҮНЭН ХОЁРЫГ ЯЛГАЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ |
|