Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголын шашинтнууд эв санаагаараа нэгдэн хуралдлаа
11 сар өмнө   280
HWPL олон улсын байгууллага болон бурхны шашны Сайн Номуун хийд хамтран 2023 оны 6-р сарын 20-ны өдөр “Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” сэдэвт бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Уг хурал нь Туушин зочид буудлын Соёмбо танхимд болсон бөгөөд шашны тэргүүнүүд, шашин судлаач, сүсэгтнүүд зэрэг 10 гаруй төрлийн шашны 400 орчим төлөөлөл оролцжээ.
 
Монгол Улсын хүн амын тавиас илүү хувь нь Буддын шашин, бусад нь Христ, Хинди, Ислам, Бахай гэх мэт шашин шүтлэгтэй гэсэн судалгаа байдаг. Үүнээс харвал Монгол Улс Буддын шашинтай улс орон ч гэлээ манай орны өнцөг булан бүрд олон төрлийн шашин зэрэгцэн оршиж байгаа нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй ханддагийн баталгаа юм.
 
Тиймээс Монгол Улсын хөгжил дэвшил, хүн зоны амар тайван байдалд шашны үзүүлэх нөлөө, шашин хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагаа нэн чухал тул шашин хоорондын үл ойлголцол, зөрчил маргаан, ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлуудын гарц шийдлийг зөв тодорхойлж, Монголын шашинтнуудын эв нэгдэл, харилцан ойлголцлоор дамжуулан, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд уг хурлын зорилго чиглэсэн гэдгийг HWPL байгууллага онцлон тэмдэглэлээ.
 
Мөн Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого дахь “Үнэт зүйлийн судалгаа болон олон улсын монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон нүүдлийн соёл иргэншил, Монголын түүх, хэл соёл, ёс заншил, шашин, гүн ухааны судалгаа хийж, нийтийн хүртээл болгон хэвшиж, нийгмийн соён гэгээрлийг өндөр түвшинд хүргэнэ” гэсэн зорилтыг дэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой хурал юм.
 
Уг бага хуралд Монголын Тэнгэр үзэлтний “Мөнх Тэнгэр” нэгдсэн хорооны тэргүүн, доктор Б.Галаарид, Нүүдэлчин соёл, бөө судлаач, эрдэмтэн Ш.Сүхбат, “Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэг (ISKCON)”-ийн зүтгэлтэн Б.Баярсайхан, “Монголын мусульманы нийгэмлэг”-ийн тэргүүн Х.Батырбек, “Хотон түмний Худаяа нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Цэрэнчимэд, “Монголын бурхны шажны Монгол уншлагат түгээмэл ивээлт төв”-ийн тэргүүн П.Сүхбат зэрэг төрөл бүрийн шашны төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, илтгэл тавьсан. Мөн хилийн чанадаас зочид мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэлийн үг илгээсэн бөгөөд Олон улсын залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-ийн залуучууд арга хэмжээнд зориулж тусгай үзүүлбэр бэлтгэн хүргэлээ.
 
 
“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хурлыг нээж, Сайн Номуун хийдийн тэргүүн хамба С.Нэргүй мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Дэлхий дахины энх тайван амар амгалангийн төлөөх үйл хэрэгт шашинтнууд бидний оролцоо, нэгдмэл үзэл санаа, хамтын ажиллагаа юу юунаас илүү чухал бөгөөд олон шашны төлөөлөл оролцсон энх тайвны төлөөх арга хэмжээг хойшид ч өргөн цар хүрээтэй, тогтмол зохион байгуулахыг зорьж байна” гэдгээ илэрхийлсэн юм.
 
Мөн нүүдэлчин соёл, бөө судлаач, эрдэмтэн Ш.Сүхбат “Pax Mongolica-Мөнх тэнгэрийн үзэл, Монголын их амар амгалан” сэдвээр илтгэл тавьж, Монголчууд 800-аад жилийн өмнө олон шашин нэгдсэн ийм хурал зохион байгуулж байсан түүхтэй гэдгийг онцолж, энэхүү эв санааны хурлыг зохион байгуулж байгаад тусгайлан баяр хүргэв. Камбожийн Буддын шашны тэргүүн, их хамба лам Тэп Вон “HWPL байгууллага болон Сайн Номуун хийд хамтран зохион байгуулж буй Монголын шашны бага хуралд баяр хүргэе. Уг бага хурлаар дамжуулан HWPL байгууллагын энх тайвны агуу гэрэл Монгол Улсыг гийгүүлж, энх тайвны цэцэгс хойч үедээ мөнхийн өв болон дэлгэрэх болтугай” хэмээн хүндэтгэлийн үгээ захидлаар илгээжээ.
 
Мөн хуралд оролцсон эрхэм зочид “Шашин бүрийн сургаал номлол, үзэл санаа нь амар амгалан дотор нэгддэг бөгөөд шашин хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бий болгох нь энх тайвныг цогцлоох шийдэл” гэдгийг хүндэтгэлийн үг, илтгэлдээ онцлон илэрхийлж байлаа.
 
Үйл ажиллагааны хаалтын үгийг HWPL байгууллагын Глобал-9 салбарын захирал хатагтай Кейт Шин хэлэв. Тэрбээр шашин шүтлэгийн ялгаатай байдал нь зөрчил мөргөлдөөн, үзэн ядалтын эх үүсвэр байж болохгүй гэдгийг онцолж, уг үйл ажиллагаанд цугласан Монгол Улсын шашны тэргүүнүүдээр дамжуулан, Чингис хааны баримталж байсан шашин бүрийг хүндэтгэх, хүлээцтэй хандах зарчмыг сэргээж, Монголын шашинтнууд энх тайвнаар зэрэгцэн оршихыг уриалсан юм.
 
“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хурлыг зохион байгуулсан HWPL байгууллага бол шашны байгууллага биш бөгөөд аль нэг шашныг онцлон сурталчилдаггүй, олон улсын энх тайвны байгууллага юм. Харин энх тайвныг цогцлооход шашинтнуудын үүрэг оролцоо чухал болохыг хүлээн зөвшөөрч, дэлхийд энх тайвныг тогтоох зорилготой олон талт үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон шашны эв нэгдлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байна.
 
HWPL байгууллага нь НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн зөвлөл (ECOSOC)-д тусгай зөвлөлдөх статустай, НҮБ-ын Глобал харилцаа холбооны газар (UN DGC)-тай албан ёсны хамтын ажиллагаатай байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийн шашны тэргүүнүүдтэй хамтран ажиллаж, шашны эв найрамдлын сүлжээг бий болгохын сацуу шашин хоорондын яриа хэлэлцээний талбар болох Судрын хэлэлцүүлэг, шашин бүрийн онцлогийг ойлгоход тусалдаг Шашинтнуудын энх тайвны өдөрлөг зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрд шашин хоорондын эв найрамдлыг цогцлоож, энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаануудыг идэвхтэй өрнүүлсээр байна.
Монголын шашинтнууд эв санаагаараа нэгдэн хуралдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0