Covid-19 цар тахал гарснаас хойш анх удаа Хойд Солонгос, ОХУ хооронд нислэг үйлдэж эхлэх гэж байна. Тодруулбал, Хойд Солонгосын үндэсний агаарын тээврийн "Air Koryo" компани энэ сард Пёньян, Владивосток чиглэлд дөрвөн нислэг үйлдэх аж. Тус компани хамгийн сүүлд 2020 онд энэ чиглэлд нислэг үйлдсэн.
"Air Koryo" 271, 272 нислэгүүд наймдугаар сарын 23, 28-нд тус тус нэг удаа ниснэ. ОХУ-аас наашлах нислэг нь Владивостокоос 08:45 цагт хөдөлж, Пёньянд 11:15 цагт газардана. Харин буцах нислэгүүд нь Пёньянаас 13:15 цагт хөөрч, 13:55 цагт газардах юм байна.
Дашрамд дурдахад, Владивостокийн цагийн бүс нь Хойд Солонгосоос нэг цагийн өмнө байдаг. Хоёр хот 680 км зайтай ба төмөр замаар холбогддог. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2019 онд Путинтэй дээд хэмжээний уулзалт хийх үедээ хувийн галт тэргээр Владивосток руу зорчиж байв.
Хилийн чанга хяналтаараа дэлхийд нэгдүгээрт орох Хойд Солонгос улс нь цар тахлын үеэр үндсэндээ бүрэн хаагдмал болсон. Үүнээс улбаатайгаар Оросын хэд хэдэн албан тушаалтан Хойд Солонгос дахь ажил үүргээ орхиж, эрс арга хэмжээ авах шаардлагатай болж байв. Тухайлбал, 2021 оны хоёрдугаар сард Оросын нэгэн дипломатч эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар түрдэг тэргээр төмөр замаар хил гарсан. Энэхүү түрдэг тэрэгтэй аялал нь Хойд Солонгосоос гарах хоёр өдрийн аяллын зөвхөн ганц л жишээ. Тэд төмөр замаар 32 цаг түрдэг тэрэгтэй явсны эцэст автобусанд суусан байна. Улмаар хоёр улсыг заагласан Түмэн голыг гаталж, Оросын хилийн суурин Хасан хотод иржээ.
Хойд Солонгос агаарын хилээ нээжээ |
|