Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
3 хувийн хүүтэй ипотекийн зээлд 176 иргэн хамрагджээ
1 жил өмнө   318
Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” арга хэмжээний төлөвлөгөөний дагуу орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес, эдийн засгийг сурталчлах замаар ажлын байр нэмэгдүүлэх ажлыг орон нутгийн удирдлагууд зохион байгуулж эхэлжээ. Одоогоор 13 аймагт “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулаад байна гэж өнгөрсөн лхагва гарагт болсон /2023.08.14/ “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн хурлын үеэр ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар хэллээ.
 
Ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг олон ажил хийсний үр дүнд орон нутагт энэ чиглэлд ажлууд эрчимжиж байна. Ажлын хэсэг өргөжиж, Хот, хөдөөгийн сэргэлт үндэсний хороо байгуулагдахаар болсон. Ерөнхий сайд энэ хороог ахална” гэв.  
 
Орон нутагт шилжих сонирхолтой иргэдэд зориулсан мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох гарын авлага бэлэн болжээ. Тодруулбал, шилжин суурьших иргэн, ААН-үүдийг тухайн аймгийн өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, ажлын байр, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, хотоос хөдөө рүү шилжвэл ийм боломжууд байна зэрэг мэдээллээр хангахуйц гарын авлага  болсныг холбогдох албаны хүн танилцуулж байв. Мөн шилжин суурьшигчдыг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх www.huduu.mn мэдээллийн цахим хуудсыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хөгжүүлж дуусчээ.  
 
Төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгож бууруулсан. Өнгөрсөн хугацаанд 176 зээлдэгч ипотекийн гурван хувийн хөтөлбөрт хамрагдсаны олонх нь Дархан-Уул, Орхон, Дорноговь аймагт шилжин суурьшигч аж. Харин нийслэлээс орон нутагт үйл ажиллагаа явуулахаар шилжиж буй аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрджээ.
 
УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хуульд орон нутагт багшаар ажиллавал 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний  мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн олон улсын хөтөлбөртэй дунд сургуулиудыг орон нутагт түлхүү байгуулах юм. 
3 хувийн хүүтэй ипотекийн зээлд 176 иргэн хамрагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0