Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2023.09.01/ болж Цагдаагийн ерөнхий дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болд нь ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж, түүнийг чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас оруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.
Харин өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ж.Болдын оронд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томиллоо.
Хэнтий аймгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2020 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд даргаар ажиллаж байгаа юм.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболдыг томилсон байдаг.
Т.Сүхболд нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч буй Ж.Болдын хүн бөгөөд сүүлийн жилүүдэд өрнөсөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэрэг болон нүүрсний хулгайн хэргүүдийн шалгалтыг зангидаж ажилласан албан тушаалтан юм.
ЦЕГ-ын даргаар Т.Сүхболдыг томиллоо |
|