Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны 2 дугаар хэлэлцүүлгээр 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон нийтийн эдэлбэр газарт бүртгэх 42 байршлын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.
Энэ онд нийслэл 1193 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 76, газар зохион байгуулалтын чиглэлээр 956, нөхөн олговор олгох, газрын байршил, хэмжээ бүлэгт барилга, байгууламжийн газрыг чөлөөлөх, дэд төвүүд, инженерийн шугам сүлжээ болон авто замын трасст өртсөн газрыг чөлөөлөхөөр 146 ажил, газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр 15 ажлыг тус тус хэрэгжүүлэн ажиллажээ. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт одоогоор 92.4 хувьтай хэрэгжиж байгаа аж.
Харин Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн хувьд “Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон бусад холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан “Нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулсан байна. Төлөвлөгөөний төсөлд 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон харьяа байгууллагаас цахимаар болон албан бичгээр 700 орчим санал ирүүлснийг тусган боловсруулжээ. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд газрын менежментийн чиглэлээр 57, газар зохион байгуулалтын чиглэлээр 341, нөхөх олговор олгож газар чөлөөлөх чиглэлээр 90, газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр 15 буюу нийтдээ 507 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Харин газрын төлбөрийн орлогоос 86.778 тэрбум, газрын төлбөрийн төлөвлөгөөний төсөл 91.0 тэрбум, дуудлага худалдаа 8.0 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилт хийнэ
Нийтийн эзэмшлийн болон явган хүний зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 192 байршлын 235,6 га газрыг Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн байна. Энэ онд 1990 гараашийн 3.6 га газрыг чөлөөлж, 16 байршилд Албан даалгавар батлагдаж, 4 байршлын 0.19 га газарт тохижилт хийжээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2023 оны 57 дугаар тогтоолоор 7 байршлын 7.62 га газрыг нийтийн эдэлбэрт авсан байна.
Мөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 42 байршлын 3,26 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай хийх аж.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
2024 онд газрын төлбөрийн орлогоос ₮86.77 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ |
|