Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хуулийн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөх талаар мэдэгдсэн.
Тэрбээр “Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, торгуулиа төлдөггүй нөхдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах заалтууд Зөрчлийн тухай хуульд орсон. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Торгуулиа хуульд заасан 15 хоногийн дотор төлөөгүй бол торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмнэ. Тэгээд ч төлөхгүй бол хөдөлгөөнд орох эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх замаар заавал хариуцлага тооцож, төлүүлнэ.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 50-иас дээш удаагийн үйлдэлтэй 3000 гаруй жолоочийн төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн. Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солих боломжгүй болсон. Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан” гэсэн юм.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад “Энэ талаар албан ёсны нэгдсэн мэдээлэл өгнө. Одоогоор Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт албажаагүй учраас нэгдсэн журмаар тодруулга мэдээлэл өгнө” гэлээ.
Торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй |
|